Энэ төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж, баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болгоод байгаа нь манай өвөг дээдсээс хойч үеийнхэндээ өвлүүлсэн үнэ цэнэтэй баялгийн маань баталгаа, олон улсад нэр хүнд бүхий Рио Тинто компанийн санхүүжилт босгох туршлага, менежментийн ур чадварын үр дүн гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсч байна. Оюутолгой төслийн барилга угсралтын ажлыг шуурхай гүйцэтгэж, баяжуулах үйлдвэрийг ашиглалтад ийнхүү оруулснаар Монгол Улсын эдийн засгийг тэлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын хөгжлийг эрчимжүүлэх улмаар нийгэм эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болох юм. Ийнхүү Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, ашигт малтмалын салбараас орох орлогыг ард түмэндээ тэгш, ил тод хүртээх зорилгод хүргэх бодитой алхам болж байна. Оюутолгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсад үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмал 80 хувиар, нийт экспортын өсөлт 30-40 хувиар, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ 20 хувиар тус тус нэмэгдэж, Монгол Улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломжтой болох юм.
Цаашлаад Монгол Улсын эдийн засгийн бүтцийг сайжруулах, салбарын техник-технологийн болоод менежментийн түвшинг бүхэлд нь дээшлүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлж хөгжлийн шинэ шатанд гаргаж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна гэж үзэж байгаагаа хэлэхэд таатай байна. Оюу толгой ХХК-ийн хувь нийлүүлэгчид хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай, ил тод, хариуцлагатай, хууль дээдэлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нь цаашдын энэ компани болон хөрөнгө оруулагчдын бизнесийн хөгжлийн суурь, хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчим юм. Өнөөдөр миний бие баяр ёслолын арга хэмжээнд оролцож байгаа хэдий ч нэгэн ажил хэрэгч санал дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ бол Монгол Улсын хуульд заасны дагуу Оюутолгой төслийн үйлдвэрийг ойрын хугацаанд улсын комисст хүлээлгэн өгөх тухай асуудал юм.
“Оюу толгой” ХХК нь олон улсын уул уурхайн салбарын нийтлэг жишиг ил тод байдал, компанийн засаглалын дээд хэлбэр болон хувь нийлүүлэгч талуудын харилцан итгэлцэл, эрх ашиг, хамтын үйл ажиллагаанд бүрэн түшиглэсэн хүчирхэг аж ахуйн нэгж болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Рио тинто компанийн удирдлага, мэргэжилтнүүд болон манай үндэсний инженер техникийн ажилтнууд, нийт ажиллагсад та бүхний цаашдын амьдралд хамгийн сайн сайхны хүсэн ерөөхийн ялдамд Монголын Уул уурхайн салбарт оруулах хувь нэмэр жилээс жилд улам бүр өргөжин тэлнэ гэдэгт гүнээ итгэж байна. Шинэ зууны эхэн үед тохиож буй манай улсын хамгийн томд тооцогдох энэхүү бүтээн байгуулалт “булган сүүлтэй” байж, монголын геологи, уул уурхайн салбарт шинэ эрин үеийг эхлүүлж, Монголын ард түмэн болон хөрөнгө оруулагч талуудад өгөөж арвинтай байх болтугай. |