Ихэр хурга төрсөн, мал хээл хаяагүй бөгөөд төлийн хорогдолгүй, 300 гаруй бог мал төллөхөөс 80 гаруй хувьтай явж байна, хаваржаа сайхан байна гэх яриагаар малчин О.Бямба-Очир Ерөнхий сайдыг угтлаа. Засгийн газрын тэргүүн 2012 оны 4 дүгээр сарын 6-ны үдээс хойш Төв аймгийн Аргалант сумын малчин О.Бямба-Очирын хот айлд хүрэлцэн очиж, төл бойжилт, малын хаваржилтай танилцахын зэрэгцээ малчидтай уулзлаа. Ерөнхий сайдыг ирэх сургаар тэр хавийн хот айлын малчид, бүлгийн иргэд ч цуглажээ. Өвлийг өнтэй давж, малчид ч бэлтгэлээ базаасны сайн үр дүн энэ хот айлд тод харагдаж байлаа. Энэ хот айл ч гэлтгүй энэ жил манай улсын нийт нутгаар цаг агаар тогтуун байж, урьдчилсан байдлаар 15 сая төл мал хүлээн авах тооцоо байгаа бөгөөд монгол улсын малын тоо 50 саяд хүрэх боломж ч харагдаж байгаа аж. Ингэснээр хотод нийлүүлэх махны хэмжээ нэмэгдэж, үнэ буурах боломжтой гэсэн яриа тэдний дунд өрнөлөө. Мөн малын хорогдол улсын хэмжээгээр урьд жилүүдээс хоёр дахин багасч, энэ жилийн хувьд онцлог гэхээр нэг зүйл нь ихэр хурга ишиг, тугал олноор гарч байгаа нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг хэмээн Ерөнхий сайд онцоллоо. Малчдын өөрсдийн хичээл зүтгэлээс гадна төрөөс малчдын талаар багагүй ажил хийсний үр дүн гарч байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ үеэр онцолж, малын буянаа хамгийн түрүүн малчид маань эдлэх ёстой юм. Энэ утгаараа махны үнэ үнэлгээтэй байх ёстой, нөгөө талаар ийм их малтай орон байж хэрэглэгчдэд очих махны үнэ боломжийн тогтвортой байх ёстой. Энэ зохицуулалтыг төр хариуцан хийнэ гэдгийг Ерөнхий сайд дурьдаад, малчныг үйлдвэрлэгч, мэргэжилтэй болгох , мөн энэ хөдөлмөрийг өвлүүлэх тал дээр тодорхой бодлогууд гарч байгааг, тухайлбал энэ сараас “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлж байгааг тэдэнд дуулгасан юм. Хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, хүн амын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, бүсийн ялгааг багасгахад энэ аян ихээхэн ач холбогдолтой аж. Их Британичууд хоршооллоор дамжуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж байсан бол, Германчууд зээлийн системийг өөрчлөх хоршоо байгуулж амжилтанд хүрсэн, харин Францчууд ажлынбайр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийн хоршоодыг байгуулж асуудал бэрхшээлээ шийдсэн зэрэг түүх дэлхийн олон оронд байдаг байна. |