“Сурагч солилцоо” хөтөлбөрийн сурагчид Иргэний танхимд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд МҮОНТ-ээр орон даяар сурагч багачууддаа зориулж хоёрдугаар цагийн хичээл заадаг уламжлал тогтоод гурван жил болж байгаа билээ. Ерөнхийлөгч 2009 онд уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд үндэсний ёс уламжлал, соёл түүхийн сэдвээр “Монголын бахархал”, 2011 онд Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн байгаль хоёрын хүйн холбоо, эх орноо хайрлан хүндэтгэхийн тухай “Монголын сайхан орноор” сэдэвт хичээлүүдийг тус тус заасан юм.
Энэ жилийн хичээлийн онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сурагч солилцооны хөтөлбөрийн тухай санаачилга гаргаж хичээлийнхээ явцад хэрхэн хэрэгжүүлэх тухай танилцуулсан явдал юм. Говийн хүүхэд хангайд очиж, хотын хүүхэд хөдөө зочилж, хөдөөгийн хүүхэд хотод ирж чухамдаа аливаа сурагч дунд сургуулиа дүүргэхдээ эх орныхоо өнцөг булан бүрт очиж эх орынхоо соёл, түүх, зан заншил, байгалийн өвөрмөц тогтоцтой танилцаж улмаар ихийг танин мэдсэн эх оронч иргэн болоход энэ санаачилга чиглэгдэж байгаа юм.
Тэр дагуу Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон бүтээлч санаачилга гарган энэ долоо хоногоос “Сурагч солилцоо” телевизийн нэвтрүүлгийг бэлтгэж эхлээд байгаа юм байна.