Энэ үеэр Засгийн газрын тэргүүн иргэдэд хандаж хэлэхдээ байгалийн баялгынхаа эзэн нь байж, тэгш хуваарилалтын дагуу шударгаар хишиг хүртэж байгаад нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүслээ. Мөн дараа дараагийн санхүүжилт орох бүрт хүсэлт гаргасан иргэдийнхээ хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байх болно гэлээ. “Сонгууль болдогоороо болно. Харин Засгийн газрын ажил явдагаараа явж байгаа” гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд “Хүний хөгжил сан”-гаас 1 сая төгрөгийн хоёрдугаар ээлжийн мөнгийг өнөөдрөөс улс орон даяар өгч байна. Санхүүжилт бүрэн хийгдсэн учир ямар ч асуудал үүсэхгүй” гэлээ. Түүнчлэн “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэн бүртээ “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцаа олгох шийдвэр гаргалаа. Энэ бол иргэн бүр Засгийн газар, хөрөнгө оруулагч нараас түрүүлж, хамгийн эхэлж насан туршдаа ногдол ашиг авч байх боломж бүрдлээ гэсэн үг. Байгалийн баялгийн эзнийх нь хувьд Засгийн газар иргэдээ алагчлалгүй, тэгш, шударгаар хишиг хүртээж байгаагийн бас нэг хэлбэр нь энэ юм” гэж хэллээ. Засгийн газар 2010-2012 онд иргэддээ сар бүр 21 мянган төгрөг өгч байгаагаас гадна сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр зэрэг хэлбэрээр хишиг, хувийг хүртээж байгаа. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй мянган иргэнд 1 сая төгрөгийн хишиг, хувийг бэлэн мөнгө хэлбэрээр энэ сард багтаан улсын хэмжээнд олгож дуусгаар ажиллаж байна хэмжээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. |