|
Хамниган
Тус улсад оршин суудаг манж-түнгүүс угсаатан нь Хамниган ястан болно. Эдгээр нь Сэлэнгэ зүгт Ерөө голын дагуу нутаглах Богд Жавзандамба хутагтын Их шавийн харъяат хамниган отгийнхон, Сэцэн хан аймгийн Дайчин бэйс, Эрдэнэ гүн, Хөвчийн Жонон вангийн хошууны нутагт байдаг. Эдгээр хамнигадын гарал үүслийг олон мянган жилийн тэртээ Алтайгаас Үсүн улсын хүн иргэд Хар мөрөн хүртэл нүүдэллэн явах замд үлдэж хоцорсон хүмүүс гэдэг Тэгээд өнө удаан хугацаанд монгол овогтний дунд байсан авч хэлээ марталгүй өнөө хүрч ирсний дээр тэдний нутаглах газрын нэлээд нэр нь хамниган үгээр хэлэгдэж заншжээ.
Ерөөгийн хамнигад нь Ходоодын булан, Ялбаг, Танга, Бугант, Барлаг, Шарлун, Харлунгийн эх, Цөхөд орох Галттай Төмөртэй горихон, Минж голын ээлтэй зэрэг газар суух ба Дорнодын хамнигад нь Онон голын 3 харуул-Агаца, Гилбэр, Улхун болон Тогосогийн шилийн өвөр дагуу Улз голын хойд захаар оршин суудаг.
Үүнээс илүү олон нь Дорнодын хамнигад бөгөөд тэд нар Дархан Ба гүний хошуу буюу Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг: Эрдэнэ гүний хошуу буюу Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо сум, Хэнтий аймгийн Норовлин сумд, Дайчин бэйсийн хошуу буюу Хэнтийн Батноров, Норовлин, Бэрхийн хороо захиргаа: Хөвчийн Жонон вангийн хошуу буюу Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр, Батширээт, Дадал сумдад сууж байна. Хэл ярианы хувьд Ерөөгийн хамниган, Мөнгөнморьтын хамниган, Цэнхэр мандал, Мөрөнгийн хамнигад, орчин тойрныхоо монголчуудаас бараг ялгарахгүй шахам болжээ.
Хамниган овгийг нягтлан үзвэл нэг хэсэг нь монгол овог болох бөгөөд эд нар нь хамниганы дотор нутагласаар хамнигажсан монгол угсаатна буриад, ар өвөр монгол овог байгаа нь зарим монгол овогтон манжийн байлдан дагуулах үеэс дайн хөлийн учир хамниган нутагт нүүн ирээд, манж нар хамниганыг өөрийн угсаа нэгтэй гэж халдан довтолж, түйвээхгүй байсан учраас тийнхүү хамниганы дунд нэлээд монгол айл овог орж олон үе өнгөрөхөд хамниган болсон бололтой. |
|
|