|
2#
楼主 |
发表于 2010-6-2 20:02:56
|
只看该作者
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээг эхлүүлж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад айлчлахаар хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао болон дагалдан яваа төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлж тавтай зочлохыг хүслээ.
Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдыг хүндэтгэн хүлээж авсанд баярлаж байгаагаа ноён Вэнь Зябао илэрхийлэв.
Хэлэлцээний үеэр хоёр улсын хоорондын улс төр, худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, уул уурхай гээд бүх салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлыг хөндөж ярилцав.
Мөн бүс нутгийн болон олон улсын харилцааны өргөн хүрээтэй асуудал, тухайлбал Зүүн Ази, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцож, ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээр тохиролцов.
Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Зүүн Ази, Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох Ерөнхий сайд С.Батболдын саналыг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд далайд гарцгүй манай орны хувьд транзит тээврийн асуудлыг Ерөнхий сайд С.Батболд хэлэлцээний үеэр чухалчиллаа.
Хятадын нутаг дэвсгэрээр хийж байгаа транзит тээвэрт хятадын талаас хөнгөлөлт үзүүлэх, далайд гарах боомтын тоог нэмэгдүүлэх, хил орчмын бүсэд болон Тяньжин боомт, бусад боломжтой боомт хүртэл монголын авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжийг бий болгох эрх зүйн орчинг судлаж үзэх Ерөнхий сайд С.Батболдын хүсэлтийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нааштай хүлээн авч холбогдох байгууллагуудтайгаа ойрын үед ярилцана гэлээ.
Иргэдтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх үүднээс хоёр орны хууль, хяналтын ижил чиг үүрэгтэй байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлэх, шууд харилцааг бэхжүүлэх, терроризм, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг идэвхжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас хятадын талд гардуулан өгсөн “Ялтан шилжүүлэх гэрээ”-г ойрын хугцаанд байгуулах саналтай байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийлэв. Уг асуудлыг судалж нааштайгаар шийдвэрлэхээ илэрхийлж, манай улсад 50 сая юаний буцалтгүй тусламж, батлан хамгаалах салбарт 10 сая юаны тусламж үзүүлэх болсныг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгдлээ. Буцалтгүй тусламжийг хоёр улсын харилцан тохирсон төслүүдэд зарцуулна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Оюутны хотхон”-ны хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төслийг БНХАУ дэмжиж буцалтгүй тусламжийнхаа зохих хэсгийг зарцуулах, 5 жил дараалан жил бүр манай 60 залууг хүлээн авч айлчлуулж, Засгийн газрынхаа тэтгэлгээр ирэх 5 жилд 2000 оюутныг нэмж сургахаар боллоо.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зурлааХилийн дэглэмийн тухай анх удаа гэрээ байгуулав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нарын албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны хилийн дэглэмийн асуудлыг хөндөн ярилцав. Энэ хүрээнд Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1988 оны гэрээг шинэчилэн байгуулж байна. Гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын хилийг хамгаалах, улсын хилийн халдашгүй байдлыг хангах, хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөх хилийн дэглэм, түүнийг сахин хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчин 1988 оны гэрээнээс илүү боловсронгуй болно.
Түүнчлэн хоёр улсын, тэр дундаа хил орчмын орон нутгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг төрийн нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хөгжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэр дээрх төрөл бүрийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах, байгаль орчныг хамгаалах, хилийн усыг зүй зохистой, илүү үр ашигтай байдлаар ашиглаж хамгаалах, зах зээлийн эдийн засгийн шаардлагаас үүдэн гарч буй хил дамнасан байгууламжийг шинээр барьж байгуулах, ашиглах, хилийн боомтыг бүрэн хүчин чадлаар ашиглах үүднээс үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг олон талт асуудлаар хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэх юм.
БНХАУ 50 сая юаны тусламж үзүүлнэ
Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд тусламжийн хөрөнгийг хоёр талын харилцан тохиролцсон төсөлд зарцуулах болов.
Улаанбаатар хот Бээжингийн гудамжтай болно
БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бээжингийн гудамж байгуулах талаарх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд захидал солилцов.
БНХАУ-ын ЭСЯ-ны урд талын зам, талбайг Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Бээжингийн гудамж болгохоор тогтсон. Солилцох захидал байгуулагдсанаар хоёр улсын Засгийн газар хооронд 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бээжингийн гудамжийг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх юм.
Гаалийн хэлэлцээрийг илүү бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлнэ
Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1993 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурав.
Протокол байгуулагдсанаар 1993 онд байгуулсан Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хоёр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг илүү бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэхүү протоколын хүрээнд талууд гаалийн зөрчил болон гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, гаалийн үнэлгээ, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг солилцох боломжтой болох юм.
Түүнчлэн хоёр улсын хууль тогтоомжийн хүрээнд гаалийн хамтарсан хяналт, шалгалт хийх, улс орны аюулгүй байдал, хүн ам, байгаль орчинд хохирол учруулж болзошгүй химийн хорт, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодист тавих хяналтыг чангатгах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх үйл ажиллагаатай хамтран тэмцэх, харилцан боловсон хүчин илгээх, туршлага судлах, мэргэшил дээшлүүлэх чиглээр хамтран ажиллах боломж бүрдэнэ. |
|