|
2#

楼主 |
发表于 2010-1-6 19:55:00
|
只看该作者
Гуравдугаарт, "Их засаг"-ийн бүтэц, агуулгыг тодорхойлоход гарч ирсэн гурав дахь хандлага нь тодорхой хэсэг, бүлэгт оруулахгүйгээр тухайн сурвалж бичиг, зохиол бүтээлд тэмдэглэн дурдсан хуулийн заалтуудыг иш татаж дэс дарааллаар нь жагсаан бичиж тайлбар зүүлт хийснээр илэрч байна. Ийм байдлаар “Их засаг”-ийн агуулга, ач холбогдлыг тодорхойлон гаргах гэсэн ханддага Оросын нэрт эрдэмтэн В.А.Рязановский, Хятадын Өвөрмонголын өөртөө засах орны эрдэмтэн Х.Намжил нарын бүтээлүүдэд илрэлээ олжээ.
В.Я. Рязановский "Чингис хааны их засаг" гэсэн бүтээлдээ эрдэмтдийн бүтээлүүдээс "Их засаг"-т холбогдох заалтуудыг шууд иш татан жагсаан бичиж, тайлбар, дүгнэлтүүд хйисэн бөлгөө. В.Я.Рязановскийн сурвалжлан олж, нэгэн бүтээлд нотлон өгүүлж, дүгнэлт хийсэн "Их засаг"-т холбогдох заалтууд Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгыг тогтоох тодорхойлоход эрдэм шинжилгээ, арга зүйн чухал ач холбогдолтой бөгөөд өрөөрсөө хойшхи судлаачдад асар их нөлөө үзүүлсэн ажгуу.
Х.Намжил "Чингис хааны засаг ба билэг" хэмээх зохиолдоо Монголын түүхэнд хамаарах сурвалж бичгийн шинжтэй бүтээлүүдэд дурдан тэмдэглэсэн "Их засаг"-т хамаарах заалтуудыг иш татан бичсэн нь Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгыг тогтоон тодорхойлоход мөн л чухал ач холбогдолтойг тэмдэгл үүштэй.
Дээрх гурван хандлага чиглэлээр явагдаж ирсэн ажлын үр дүн нь Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, ач холбогдлыг нээн харуулахад суурь үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм. Энэ нь ямар ч арга хэлбэрээр Чингисийн үеийн хууль цаазыг судлахад дээрх судалгааны ажлын үр дүнг үндсэн хэрэглэгдхүүн, харьцуулан жиших гол хэмжүүр болгон үзэж судалгаа, шинжилгээний ажил явуулна гэсэн хэрэг болой.
Судлаачдын дотроос Д.Дашцэдэн арай өөрөөр бичихдээ "Их засаг" хууль нь бүтцийн хувьд дараа хэсгийг өөртөө багтаасан гэж үзэж болно. Үүнд: оршил;
б/ улсын хаан өргөмжлөх ёс, төрийн байгуулага цэргийн анги;
в/ эрүүгийн хуулийн холбогдолтой заалтууд;
г/ алба татвар;
д/ олон улсын харилцаа; шашин суртахуун;
ж/ гэр бүл, иргэний хуулийн холбогдолтой заалтууд;
з/ мал аж ахуйн талаар заалтууд болохыг дурджээ.
"Их засаг"-ийн бүтэц, агуулгыг тодорхойлох асуудалд хандахдаа арга зүйн хувьд анхаарах хэд хэдэн зүйл бий. Нэгд, Чингисийн хаант улсын хууль цаазад хамаарах заалтуудыг түүвэрлэн авч боловсруулахдаа дорно дахины орнуудад хууль цаазаа бүтээж ирсэн уламжлалыг харгалзан зохих дэс дараалалд оруулж тайлах чиг баримтлах. Хоёрд, тус хаант улсын цаазад хамаарах заалтуудыг зохицуулсан харилцааных нь шинж байдлаар төрөлжүүлэн ангилж байршуулбал ойлгомжийн хувьд илүү сайн болох. Гуравд, аль болох шинжлэх ухааны үндэстэй байх шаардлагыг иш үндэс болгон эрх зүйн тогтолцооны орчин үеийн онолын сэтгэлгээний үүднээс хандах. Дөрөвд, орчин үеийн гол хуулиудын бүтэц агуулгатай жишиж үзэн, агуулга, ач холбогдол, уламжлагдах шинжийг нь тодорхойлох гаргах. Тавд, заалт бүрийн хууль зүйн утгыг түүхэн тухайн цаг үеийн нөхцөлд нийцүүлэн үнэн бодитой тайлах зэрэгт анхаарах нь чухал юм. Ийм арга зүйгээр хандахдаа Чингисийн хаант улсын хууль цаазын тухай мэдээлэл, баримт, заалтуудыг агуулсан түүхэн сурвалж бичиг, судар, шастир, ном зохиол, туурвил бүтээлүүдийн аль болохоор бүрэн судалж ашиглавал эл үеийн хууль цаазын агуулга, ач холбогдол төдий чинээ үндэслэлтэй гүн гүнзгий боловсрогдох учиртай.
Энэхүү бүтээлд Чингисийн хаант улсын хууль цааз, түүний илэрхийлэл болсон "Их засаг"-ийн бүтэц агуулгыг тодорхойлох асуудалд хандахдаа уг цаЛ төчнөөн хэсэг, бүлэг, зүйлээс бүрдсэн тийм хэмжээтэй хууль байсан хэмээн тогтоох зорилго тавьсангүй. Нэгэн "Их засаг"-ийн жинхэнэ эх олдоогүй болохоор түүний бүтцийг ямарч хэлбэрээр тогтоолоо гэхэд тэр нь "зохиомол " бүтэц байх болно бизээ.
Энэхүү бүтээлд "Их засаг"-ийн агуулга, түүнд хамаарах хууль зүйн утгыг аль болохоор тодорхой харуулах чиглэл баримтлаж, үүний үндсэн дээр "Их засаг" нь ямар харилцааг зохицуулсан, ямар хүрээ агуулгатай, ямар шинж, чанар, ач холбогдолтой, ямар хууль цааз байсныг тодорхойлон гаргах зорилт тавив. Чингэхдээ Монголын нууц товчоо, Алтан товч, Хөх судар, Юан улсын судар, Монгол татарын тэмдэглэл зэрэг Монгол сурвалж бичгүүд болон өрнө дорнын ба үндэсний олон арван эрдэмтэд, судлаачдын судалгаа, шинжилгээний бүтээлүүдийн харьцуулан судалсан дүнд тулгуурласан бөлгөө. Ингээд 'Их засаг"-ийн агуулгыг авч үзье. |
|