Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Көцян нар уулзлаа
Уулзалтын эхэнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Көцян Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. “Ерөнхийлөгч Та өөрийн биеэр ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэнд талархаж байна. Энэ бол Монгол Хятадын харилцаанд Таны зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж бодож байна. Таны энэхүү айлчлал манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаанд тус дөхөм өгөх болно гэдэгт би итгэлтэй байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12 дугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлээд хоёр орны харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа хэллээ. Цаашид Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар, ялангуяа эдийн засаг болон хүмүүнлэгийн агуулгаар баяжуулах нь зүйтэй гэв.
Ноён Ли Көцян “ Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж ирлээ. Стратегийн түншлэлийн харилцаа бодит агуулгаар баяжиж байна. Улс төрийн итгэлцэл бэхжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байна. Манай хоёр орны харилцаа харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, язгуур эрх ашгаа хүндэтгэх замаар хөгжиж байгааг цохон тэмдэглэмээр байна.
Танай улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгааг бид талархан сайшааж байна. Бид аль аль талдаа байгаа давуу талаа ашиглан худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өндөр түвшинд хүргэх боломжтой.
Манай хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж байгаа нь уламжлалт харилцаагаа хадгалахын зэрэгцээ харилцааг улам шинэ шатанд гаргах чухал нөхцөл юм” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч ярихдаа, Хятад бол манай хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том худалдан авагч орон болохын хувьд бидэнд хамтран харилцан ашигтай ажиллах боломжтой олон салбарууд байна. Монголоос гарах бүтээгдэхүүн хятадын зах зээл дээр борлогдож харилцан ашигтай ажиллаж байгаа. Гэвч Монгол бол далайд гарцгүй орон. Нүүрс гэх мэт зарим бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргах боломжийг хамтран бүрдүүлэх боломжтой гэж бодож байна.
|