Ерөнхий сайдын онцолсон дараагийн сэдэв нь “ 100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тухай байлаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тус хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон хорооллын хоёр дахь ээлжийн жагсаалтыг баталсныг энд онцоллоо. Өөрөөр хэлбэл өмнөх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44700-гаар нэмж 124 мянга болгосон аж. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжийг Засгийн газар ийнхүү олгож байгаа юм. Нэмж орж байгаа 44700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 метр квадрат хүртэл талбайтай орон сууц байх ажээ. Засгийн газраас 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан нь ч энэ хөтөлбөртэй салшгүй холбоотой гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн энд онцлоод, зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлогууд гарч байгааг ч тэмдэглэсэн юм. Тухайлбал ийм чиглэлийн 130 мянган өрх анхааралд байгааг онцоллоо. ‘Мөн дараагийн сэдэв нь Хөгжлийн банк үнэт цаас гаргасан тухай мэдээлэл байв. 10 сарын өмнө үүдээ нээж байсан тус банк өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээлд 5 жилийн хугацаатай 580 сая ам.долларын үнэт цаас гаргаж, Монгол улс жишиг хүүгийнхээ түвшинг амжилттай тогтоосон явдал юм. Хөгжлийн банкны энэхүү үнэт цаас нь 5.75 хувийн хүүтэй байх ажээ. 300 гаруй хөрөнгө оруулагчдаас 6.25 тэрбум ам.долларын захиалга авч, энэ нь гаргах хэмжээнээс 12 дахин их байсан төдийгүй олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн мэдээллийн агентлагууд Хөгжлийн банкны үнэт цаасны энэхүү арилжааг сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн амжилттай арилжаа хэмээн онцолсныг мэдээлийн үеэрээ Ерөнхий сайд С.Батболд дурьдаж байлаа. Манай улстай ойролцоо ижил зэрэглэлтэй Шриланк улсын Засгийн газар 2007 онд 8.25 хувийн хүүтэй, Вьетнам улсын Засгийн газар 6.75 хувийн хүүтэй, Филиппин улсын Засгийн газар 8.75 хувийн хүүтэйгээр зах зээлд анх удаа үнэт цаасыг гаргаж байсантай харьцуулахад Монгол улсын Хөгжлийн банкнаас гаргасан энэхүү үнэт цаас нь гадаадын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэж буй итгэл хэмээн харж болох юм. Ийнхүү үнэт цаас гаргаснаар томоохон бүтээн байгуулалтууд болох шинэ төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөртэй холбоотой төслүүдийн санхүүжилт хийх бололцоотой болж байгаа ажээ. Чухам ямар төслүүдийг, яаж санхүүжүүлэх талаар ирэх долоо хоногт Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж, иргэддээ нээлттэй мэдээлэх болно гэдгээ Ерөнхий сайд дурьдлаа。 |