|
2009 оны 5 сарын 24. Япон Монгол төдийгүй дэлхий дахины сумо сонирхогчид Токио хотын Кокугикан ордонг ширтэж байлаа. Тасалбар олж авсан азтанууд ордондоо тухлан сууж байхад нэгэн хэсэг нь интэрнэтээр амьсгаа даран хүлээнэ. Монголын гурван хүчтэний хэн нь энэ удаад түрүүлэх бол хэмээн хүлээж байгаа нь тэр. Тэр дундаа Ама хэмээн бидний нэрлэж дуудаж дассан Харумафүжи хэмээх Бямбадоржийг анхныхаа түрүүг аваасай гэж бодож байсан хүн олон байсан болов уу гэж таамагласандаа Асашёрюү Хакухо их аварга нараас хүлцэл эрээд энэхүү ярилцлагаа эхэлсүү.
Ард түмний хүлээсэн анхны түрүү
- За юуны өмнө анхныхаа түрүүг авсанд баяр хүргэе.
- Баярлалаа
- Арслан болсоноосоо хойш нилээд хугацаа өнгөрлөө. Хүн болгон л хэзээ түрүүлэх бол гэж бодож байсан байх гэж бодож байна. Нэг, гурван сарын барилдаанд эхний өдрүүдэд нилээд унаа алдсан.
- Арслан гэдэг бол хэн болгоны аваад байдаг цол биш л дээ. Энэ цолондоо дасна гэж бас нилээд юм болно. Арслан болно гэдэг амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөнө гэсэн үг. Сумо сонирхогчдын харьцаанаас эхлээд эргэн тойрон, өдрийн дэглэм хүртэл өөрчлөгдөөд эхэлж байгаа юм. Миний хувьд дэвжээний нэр минь солигдсоныг хэлэх үү, нэрэндээ дасах зохицох гээд их юм байсан. Монгол хүн гэдэг нэр усандаа их хүндэтгэлтэй ханддагийг ч хэлэх үү. Амжилтгүй барилдахын хувьд бол амжилтгүй гэж хэлж болно. Харин маш сайн ойлгосон нэг юм маань сэкивакэ озэкигийн ялгаа юм. Сэкивакэ байхад 10 ялахад л тусгай шагнал авдаг байсан бол арслан тусгай шагнал авдаггүй. Түрүүлэх эс бөгөөс үзүүрлэх. Ийм л зорилго арсланд байдаг. Ганц хоёр унахад ч шүүмжлүүлнэ .
- 5 сарын тэмцээнд хоёр аваргыг унагааж түрүүллээ. Бэлтгэл ханасан байсан уу? 5 сарын барилдааныг эргэн дурсваас.
- Бэлтгэл бол би өдөр бүр хийдэг. Сайн муу гэж байхгүй, яг ханатлаа хийдэг. Харин сэтгэл зүйн тал дээр бол сайн байсан. Ээж маань үргэлж хажууд байгааг хэлэх үү. Ер нь спорт бол сэтгэл зүй их хэрэгтэй эд л дээ. Хакухо аваргад уначихаад би за энэ тэмцээн Хакухо аваргынх боллоо гэж бодсон. Аварга ямар ч хийгүй барилдаж байсан болохоор, өөрөө түрүүлнэ гэсэн итгэлээ бүр алдсан. Маргааш нь Хакухо аварга тааралдаад, “Өчигдөр хоёулаа сайхан барилдлаа шүү. Чи хөл тойгдоод тойроод байхад нуруу өвдөөд эвгүй байсан гэж хэлдэг юм. Би ч гэсэн тиймээ, сайхан үзлээ. Харин аваргаас хөл мэх ирнэ гэж бодоогүй шүү” гэж яриад салсан. Тэр өдрөө барилдах гээд сууж байтал Хакухо аварга Котоошюүд унадаг юм байна. Зүв зүгээр сууж байсан хүн чинь гэнэт хамаг бие халуу дүүгээд л, Надад түрүүлэх боломж байна гэж бодогдоод сэтгэл хөдлөөд, түгшиж догдлоод эхэлж байгаа юм. Тэгээд Асашёрюү аваргаа давсан. Асашёрюү аварга бол за за хоёр дүү маань эр бяраа үзээд хэн чадалтай нь түрүүлэг л гэж бодсон байх. Сүүлийн өдөр Котоошюүтэй барилдахад угаасаа барилдаан таардаг болохоор ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Баглуулаад эвгүй болсон яг тэр үед одоо шидэх үү, хөөгдөж яваад дэвжээний захад очоод шидэх үү, яадаг юм билээ гэж бодогдоод. Хэдхэн хормын асуудал л даа . Жүдогоор Монголд хичээллэж явсаны ашиг гарсан байх тэр үед. Халз барилдаан эхлэхэд Хакухо аваргын хэлж байсан үг толгойд орж ирж байгаа юм. Аварга бол намайг барьж авах гэх нь мэдээж. Би бол дотор нь ороод нуруунд нь ачаалал өгье гэж бодсон. Тэгээд л зүүн барьц аваад хөлийг нь тойгдож эргээд давсан даа. Аварга надтай дахиж барилдана гэж бодоогүй болохоор тэгэж ярьж байсан байх.
- Тэмцээн дуусаад аваргатай уулзсан уу?
- Уулзаагүй байгаа. Бид хоёр дахиад олон удаа барилдана. Харгүй сайхан барилдаж үзэгч олноо баярлуулах болно. Дэвжээн дээр өрсөлдөгч нар ч, дэвжээнээс буугаад л сайхан анд нөхдүүд.
- Таныг түрүүлэхэд Японд ч, Монголд ч зөвхөн бөх сонирхогчид төдийгүй хүн бүр баярлаж, бараг ардын баяр боллоо. Хүн бүрд хайрлагдаж шүтэгдэж байгаагийн нууц юу байна?
- Ер нь бөх хүн гэдэг үзэгч олноо баярлуулж, баясгаж байх ёстой гэж би боддог. Мөнгө төлж, зав зайгаа зарцуулаад ордонд ирж байгаа үзэгчид сайхан барилдаан хараад таашаал хүртэж байх нь зүйн хэрэг. Миний хувьд заавал ялах гэж барилддаггүй. Үзэгч олноо баярлуулж, бага ч гэсэн алжаалыг нь тайлж байхсан гэж хичээж зүтгэж барилддаг. Тэр маань л үзэгч, бөх сонирхогчдод хүрдэг болов уу.
- Дэмжигчдийн клуб олон биз дээ?
- Одоо л байгуулах санаатай байна. Урьд нь би дэвжээнийхээ дэмжигчдийн клубтай байхад л угаасаа намайг дэмжиж байгаатай ижил гэж бодоод хийдэггүй байсан юм. Одоо Нагоя, Осака ,Токио, Кюшю гээд байгуулж эхлэнэ.
- Энэ тэмцээнд хоёр аваргыг хаялаа. Одоо ер нь өрсөлдөгч гэвэл Асашёрюү, Хакухо аваргууд гэж хэлж болох уу?
- Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр басаж болохгүй. Дэвжээн дээр гарж ирж байгаа бөх болгон миний өрсөлдөгч. Сайн муу, аварга начин гэж ялгадаггүй. Бодож явдаг хамгийн гол юм маань дээр хэлсэн, үзэгч олныг баярлуулах. Өөрийн барилдаанаа хийх, унасан ч давсан ч дараа нь харамсах юмгүй барилдах л гол зорилго.
- Арслангийн өөрийн барилдаан гэхээр ?
- Би баруун зүүн аль алинаар нь золгож барилддаг. Бас цүппаридна. Хурц шийдмэг халз мөргөлдөөд шахаж гаргах. Эсвэл цүппаридах. Сумо хэдхэн хоромд дуусдаг ч энэ хугацаанд бараг бүх амьдрал урсаад өнгөрөх шиг болох үе ч бий. Өрсөлдөгчөөс ямар мэх ч ирж болох тул мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бэлтгэл сайн хийвэл бие аяндаа мэдрээд, тийм мэх хийе гэж бодоогүй байхад ч нэг мэдэхэд л хийчихсэн байх жишээтэй.
Ама-гийн атган дахь арслан цол
- Мэргэжлийн сумод орохдоо л арслан болно гэж мөрөөдөж байсан гэж сонссон юм байна.
- Тиймээ анх сумод ирж байхдаа л арслан болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Аав маань миний хүү сайхан арслан болно гэж урам хайрлаад л. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүнээс хоёр дахин их хөдөлмөрлөж, ояката багшийхаа үгийг сайн сонсож явсныхаа ачаар хүсэл болсон цолоо авж чадсан. Арслан гэдэг үргэлж үзүүр түрүү булаацалдаж байх ёстой. Одоо энэ сайхан цолоо хамгаалж явах, хэн ч харсан жинхэнэ хүчтэй арслан шүү гэж хэлүүлэхээр хичээнээ би.
- 2008 оны 1 сард арслан цолны төлөөх анхныхаа дайралтыг хийсэн. Урд хоёр тэмцээн нь 20 ялсан байсан.
- Тэр үед арслан болно гэж ер бодоогүй. Сэтгэл зүй ч бие бялдар ч бэлэн биш байсан. Яарах хэрэг ер байхгүй. Болох юм болдогоороо л болно.
- 11 сарын тэмцээнд 22 ялалттай хүрч ирэн, хүн болгон л Ама одоо озэки болно гэлцэж байлаа. Гэтэл Кисэносато, Гоэйдо нарт унаад эхний 4 өдөрт 2 унаатай болсон. Сандарч байв уу?
- Сандраагүй. 11 сард сэтгэл санаа, бие бялдрын бэлтгэл бүрэн ханасан байсан. Хүмүүс жижигхэн харагдаад л. Өдөр өдрийн барилдаандаа анхаарлаа хандуулах л чухал байсан болохоос өнөөдөр уначлаа яанаа гэх юмуу, за энэ тэмцээнд 10 ялчихъя гэсэн юм бодоод байж болохгүй. Асашёрюү аваргын ээж Пүүжээ эгч надад, “миний хүү овоог нэг өдөр л шууд босгодоггүй юм. Нэг нэгээр нь хад чулуу зөөж явсаар тэр чинь том овоо болдог юм” гэж сургасан. Би тэр ёсоор нь яваад ялчихаад орой ирэхдээ ээждээ хүү нь нэг хад аваад ирлээ гээд л хэлдэг байсан. Сая ээж маань үргэлж хамт байж, сайхан монгол хоол цай хийж өгч байсан болохоор Монголдоо байгаа юм шиг л сэтгэл хангалуун барилдаж чадсан. Энэ сайхан Монгол орны маань хийморь сүлд, уул ус, ард түмэн, сахиус, өвөө эмээ, аав ээж маань үргэлж түшиж дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байдаг.
- Арслан болж чадна гэдэг итгэл хэзээнээс төрж эхэлсэн бэ?
- Өнгөрсөн жилийн 3 сараас итгэлтэй болж эхэлсэн. Сэкивакэ цолондоо дасаад, арслангуудад унахаа байж эхэлсэн. Дасаад ханаад эхлэхээр сэтгэл илүү юм шаардаад эхэлдэг. Арслан болсон ч чадах юм байна гэсэн итгэлтэй болж эхэлсэн.
- Арслан болоод шинэ нэртэй болсон. Хүмүүс дассан болоод тэр үү одоо ч сумогийн ордонд Ама гэж дуудаж дэмжиж байгаа харагдах юм.
- Тиймээ. Шинэ Харумафүжи нэр маань их сайхан утгатай нэр байгаа юм. Хару гэдэг нь гийгүүлэх, хамгаалах гэсэн утгатай. Ума бол хүлэг морь. Фүжи бол хүн болгон мэдэж байгаа Фүжи хайрхан. Энэ сайхан нэрээ зөв дааж явна гэсэн бодолтой байдаг. Мэдээж би Ама нэрэндээ хайртай байсан. Ояката багш маань нэрээ солих хэрэгтэй гэж хэлсэн болохоор сольсон. Сумод багшийн үг хууль. Жишээ нь багш надад банан харуулаад энэ бол алим гэхэд би тиймээ багшаа энэ алим байна гэж л хэлнэ. Багш маань намайг бодоод энэ сайхан хүндтэй нэр өгсөнд нь багшдаа их баярлаж явдаг. (исэгахама ояката бол мэргэжлийн сумогийн 63 дахь их аварга Асахифүжи.)
Ээж минь миний амьд сахиус
- NHK телевизийн ярилцлаган дээр аав ээждээ хамгийн их баярлаж явдаг гэж хэлж байсан.
- Би энэ сайхан хувь тавилангаар тэнгэрлэг сайхан Монгол орондоо, сайхан аав ээжийнхээ хүү нь болж төрсөндөө бахархаж баярлаж явдаг. Бурхнаас заяасан энэ буян хишгийг зөв дааж, зөв амьдарж явах хүсэл тэмүүлэлтэй. Багадаа ааваа дагаад л барилдааныг нь үзээд , бөх болно гээд дүрдээ итгэчихсэн байнга ноцолдож явдаг хүүхэд байлаа. Наадмын бэлтгэлд хамт гардаг, бөхчүүд зааны тугал хүрээд ирж гээд өхөөрддөг байсан. Цэрэнпунцаг ах намайг 5 том гэж дууддаг байсан юм. Би толгой, гар хөл их том хүүхэд байж л дээ. Аавыгаа дагаад бөхчүүд дунд өссөн болохоор монгол бөхийн ахас дээдсээ хүндлэх зарчим гээд ёс заншлаас бага ч гэсэн суралцаж чадсан гэж бодож явдаг. Ээж маань үргэлж юм зааж, сургадаг хүн. Бага байхад маань ном их уншуулдаг байлаа. Манай гэр том номын сантай. Монте кристо гүн, Монголын нууц товчоо, Эр бор харцага, Морь унасан толгойгүй хүн, Цагаан бээлий, Жонон гуйлгачин хоёр гээд сонгодог зохиолуудыг тэр үед уншсан. Лхагваа ах уншсан номноосоо их ярьж өгнө. Сонсож байгаад хорхой хүрээд , одоо болсон би өөрөө уншина гэдэг байж билээ. Робинзон Крузог уншаад Баасанг Крузо яв гээд хөөж байхад анх удаа сэтгэл уяраад уйлж байсан юм. Дараа нь уйлсандаа их гайхаж байсан юм даг. Ээж бага байхад зүйр цэцэн үг хэлдэг, зааж өгдөг байсан. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж байнга хэлдэг байлаа. 5 сарын тэмцээнд ээж монгол махаар сайхан монгол хоол цай хийж, намайг дасгалжуулж өгсөн. Ээждээ маш их хайртай, бахархаж явдаг. Миний амьд сахиус бол ээж маань. Би хоёр ахтай. Аймгийн начин Баасандорж, Улсын начин Лхагвадорж. Бид нар хоёр хоёр насны зөрүүтэй. Ах нар маань тус тусын бодолтой улсууд. Намайг зөв сургаж хүмүүжүүлсэнд нь баярладаг. Одоо ч дотно, байнга уулзана. Хол байвал утсаар яриад л юу хийж байна, өнөөдөр юу идэв гээд л халамж анхаарал тавьж байдаг юм. Би олон дасгалжуулагчтай байгаа биз. (Инээв)
- Эцэг эхийн ачийг хэзээ ч хариулж дуусна гэж байдаггүй юм гэнэ лээ. Өдий хүртэл аав ээжээ хамгийн их баярлуулсан юм гэвэл юу вэ?
- Аав маань үр хүүхэдтэй болоод хүний хамгийн жаргалтай үе бол хүүхдүүд нь зөв шударга амьдраад сайн сайхан явахад ямар ч аав ээжийн нүдний харц дээшээ, нуруу тэгш байдаг. Тиймээс аав нь хүүгээ , 2 ахыг нь хараад үр хүүхдээрээ бахархаж, ямар ч хүний өөдөөс эгц харж, нуруу тэнэгэр байгаадаа сэтгэл хангалуун жаргалтай байнаа гэж хэлж байсан. Үр хүүхэд нь зөв шударга, сайхан явах л аав ээжийхээ ачийг хариулж байгаа хэрэг гэж би дотроо бодож явдаг.
- Асашёрюү аваргатай их дотно харагддаг?
- Бид нар Монголд Эрдэнэбилэг багшийн “Удам” клубт цуг хичээллэж байсан. Тийм болохоор намайг Японд ирэхэд төрсөн дүү шигээ хүлээж аван, хайрлаж халамжилж, тусалж дэмждэг байсан. Анх ирж байхад жүрод барилдаж байсан. Үнэхээр булган сүүлтэй аварга, сайхан ах, сайн хүн гэж бодож хүндэлж явдаг.
Зовлого зовохоос зориг мохохгүй
- Ямар хувь зохиолоор сумо бөхөд орсон хэрэг вэ?
- Тэр үед ч сумо Монголд жинхэнэ моод болж байсан. Гэхдээ анх бол би сумо биш жүдод явах гээд сумо болчихсон юм. Кёкүшюзан сангаас Японы жүдо бөхийн сургуульд хүүхэд явуулна гээд шалгалт аваад аавтайгаа хамт очсон. Өмнө нь нэг өгөөд тэнцээгүй байсан юм. Очтол харин жүдо биш сумогийн шалгалт байдаг байгаа. Аав, “нэг ирснийх шалгуулчих” гээд ортол тэнцсэн хэрэг. Сумогийн Бат-Ундрал, Ууганбаяр бид гурав тэнцэж байлаа. Аав, “санаандгүй ч гэсэн яая гэхэв, хувь тавилан юм байлгүй дээ” гээд сумод явахыг зөвшөөрсөн. Ээж харин хүүгээ санана гээд бага зэрэг дургүйцсэн тал бий. Ингээд л 2000 оны 9 сарын 16 нд Японд ирж байлаа. Анх удаагаа хол газар явж үзэж байгаа минь тэр.
- Сумогийн шинэ бөхийн амьдралыг их хүнд гэж сонссон юм байна.
- Хамгийн хэцүү нь гэрээ санах. Ялангуяа ээжийгээ санаад л уйлдаг байлаа. Утсаар ярьж чадахгүй захиа л бичнэ. Гэрийхэн маань чи чадна болно гээд л урам итгэл өгсөн хариу бичнэ. Ээжийнхээ зургийг харж үнсээд л уйлдаг, зурагнаас ээжийн үнэр үнэртээд байгаа юм шиг санагддаг байсан.
- Бэлтгэл сургууль бас хэцүү байсан биз?
- Гэрээ санах бэлтгэл сургуулиас хэцүү байлаа. Япон явах гэж байхад Нямдорж ах, “Аливаа юмыг хялбар амар гэж бодоод очихоор хүн шантардаг юм. Анхнаасаа хатуу хэцүү, чанга гэж бодоод очихоор гайгүй юм шиг санагддаг. Чамайг тэнд Даваанямын Бямбадорж гэхгүй Монголын Бямбадорж гэж хэлж ярих болно. Аав ээжийнхээ төдийгүй Монголын хүү гэж бодоод чанга бодолтой, тэсвэр хатуужилтай бай” гэж захиж байсан. Би тэр ёсоор нь ирсэн, бэлтгэл ч бодсоноос гайгүй байсан. Нямдорж ахын энэ сургаал үг надад их хэрэг болсон. Тэр үед сумогийн доор зиндаанд олон монгол бөх байсан. Бид нар орой болохоор дор бүрнийхээ ажлыг дуусгачаад цэцэрлэгт цугладаг байлаа. Тал талаас баахан дугуйтай улсууд ирнэ. Тэгээд л дуулаад л, яриад л. Аварга болно, тэгнэ ингэнэ гээд л хөөрхөн цагаахан мөрөөдөөд л сууж байдаг байлаа.
- Та мэргэжлийн сумод ороод жонокучи, санданмэ, жүрё, макүүчид түрүүллээ. Сумод ороод хамгийн их баярласан нь хэзээ вэ?
- Бөхчүүд жүрод , дээд зиндаанд дэвшээд хамгийн их баярласан гэж ярьдаг. Миний хувьд хамгийн их баярлаж байсан маань 2001 оны 3 сард жонокучид түрүүлсэн явдал. Анхны түрүүг хэлэх үү, тэр ялалт надад маш их урам зориг, хүч чадал өгсөн.
- Сүүлийн тэмцээнүүдэд та хоёр аваргатай адил хэмжээнд барилдаж байгаа. Сумо сонирхогчид ч, мэргэжилтнүүд ч удахгүй ёкозүна болно гэж хэлж ярьж байна. Харин сумогийн холбооны аваргын зөвлөлөөс нилээд хатуу шаардлага тавьж байгаа бололтой.
- Яарж бачимдах хэрэг ер байхгүй. Аварга болох хүн гэдэг цаанаасаа өөр байдаг. Сумо сонирхогчид төдийгүй холбооныхонд бүгдэд нь хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Хэрэв холбооноос болоогүй байна гэж байгаа бол би ч тиймээ болоогүй байна гэж хүлээн зөвшөөрнө. Миний хувьд бол бэлтгэлээ хийгээд, хоолоо идээд явж байхад боллоо. Өөрөөр хэлбэл хийх ёстой юмаа хийгээд явж байхад хэзээ нэгэн цагт үр дүн нь гарна.
- Таны хувьд сумо гэдэг юу вэ?
- Сумо гэдэг миний хувьд амьдрал, амьдралын ухаан заах багш, тэмцэл, энэрэнгүй сэтгэл. Энэ бүхэн нийлээд сумо болно. Харахад жижигхэн энэ дугуй дэвжээн дээр зөвхөн ялалт ялагдал биш, тэсвэр хатуужил, сорилт шалгалт, нөхөрлөл гээд л бүхэл бүтэн амьдрал явагдаж байдаг. Энэ дэвжээн дээр ёс заншил, даруулгатай зангаас эхлээд амьдралын ухааныг сурдаг.
- Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.
- Баярлалаа. Таван цагариг, Даяар Монгол сониноор дамжуулаад Монголын ард түмэндээ, АНУ дахь Монголчууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ярилцлагаа дуусгаад гарж явахад Америкийн болон хэд хэдэн телевизийхэн ирээд ярилцлага авахаар хүлээж байлаа. Аав ээжийн хүү Бямбадорж, Ардын хүү Ама, арслан Харумафүжигийн амжилтын товчоон улам улам арвитахын ерөөл бат оршиг оо. |
|