网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 7554|回复: 1
打印 上一主题 下一主题

Буриад Монгол

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-9-23 16:21:01 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Буриад Монгол(Буряад Монгол, Орос: бурят)нь монгол угсааны үндэстэн юм. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Забайкалск мужийн зарим дүүрэг (хуучнаар Усть Ордын Буриад болон Агын Буриадын автономит тойргууд), түүнчлэн Монголын хойд болон Өвөр Монголын зүүн хойд хэсгээр голлож оршин сууна.Буриад гэдэг нэр түүхэнд анх тэмдэглэгдсэн нь 1240 онд бичигдсэн Монголын Нууц Товчоо болно. Буриад гэдэг нэрийн талаар хэд хэдэн таамаглал бий:

1. “Бури” (туркээр “чоно”) эсвэл “бури-ата” (туркээр “эцэг чоно”) гэдгээс гаралтай.
2. “Буруут” гэдгээс гаралтай – Монголчууд исламын шашинтай кыргызуудыг буруу номтон гэж нэрлэдэг байсанчлан монголчуудаас өөр шашин шүтдэг байсантай холбоотой байж магадгүй. Энэ боломж бага магадлалтай.
3. “Брат” (оросоор “ах” эсвэл “дүү”) гэдгээс гаралтай. Оросууд өөрсөддөө ойр дотно хандаж байсан учир тэгж нэрлэсэн байж магадгүй. Энэ боломж мөн бага магадлалтай.
4. “Буруулсан ард” гэдэг нийлмэл Монгол үг. Оросд дагаар орсны дараа ингэж нэрлэдэг байсан. Цаг хугацааны уртад сунжран буриад болсон
Нийт буриад хүний тоо 550,000 орчим бөгөөд эдгээрээс 445 мянга нь Орост (2002 оны өгөгдлөөр), 70 мянга орчим нь Монголын хойд хэсгээр (1998 оны өгөгдлөөр), 25 мянга орчим нь Өвөр монголын зүүн хойд хэсэгт оршин суугаа гэсэн үнэлгээ бий. Буриадууд Алтайн хэлний язгуурын монгол хэлний бүлгийн буриад хэлээр ярилцдаг. Эрт үеэс бусад монголчуудтай адилаар уйгур бичигт үндэслэсэн монгол бичиг ашигладаг байсан боловч 1931 оноос латин, 1939 оноос кирилл бичиг хэрэглэх болсон.
Уламжлалт шашин шүтлэг нь шаманизм буюу бөө мөргөл бөгөөд 16-р зууны сүүлчээс Төвдийн буддизм буюу (шарын шашин) (Их хөлгөний урсгал)-д орсон. Буриадад Христосын шашин анхны оросуудтай хамт нэвтэрч, 20-р зууны сүүлийн хагаст өргөн тархсан.
1741 онд буддизм Оросын албан ёсны шашнуудын нэг болсон бөгөөд буриадын анхны буддын сүм Тамчин дацан тэр үед байгуулагдсан байна. 1914 оны байдлаар Буриадад 48 дацанд 16,000 лам шавилан сууж байсан гэдэг баримт бий. 1930-аад онд Буриадын буддын сүм хийдүүд бараг бүгд хаагдаж, сүйтгэгдсэн ажээ. Тэр үед пан-монголизм хүчтэй дэлгэрч байснаас болж Иосиф Сталины дэглэм 10 гаруй мянган буриадууд хэлмэгдэж, улсын нэр Буриад-Монголыг Буриад болгон өөрчилсөн гэдэг.
Буриадын газар нутаг 17 дугаар зууны дунд үед Оросын Хаант Улсын бүрэлдэхүүнд орж, эхлээд Эрхүүгийн захирагчийн харьяанд байгаад, Байгалын чанад мужийн бүрэлдэхүүнд оржээ (1851 он). 1917 оны социалист хувьсгалын дараа байгуулагдсан Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1921 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, 1922 онд өөртөө засан тохинох эрхтэй болжээ. 1923 онд ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүн дэх Автономит Улс болсон байна. 1992 оноос Бүгд Найрамдах Буриад Улс гэж нэрлэх болсон байна.
2#
 楼主| 发表于 2010-9-23 16:21:24 | 只看该作者
Айлын бэр болох эмэгтэй хүнд хуримын ёслолын өмсгөл хувцас тусгайлж бэлтгэх нь чухал. Чи эмэгтэй хүний дээлийн үлгэр гаргаж хийх талаар бодож үзнэ үү гэхэд эмгэн зөвшөөрч, дээлийн үлгэр яаж зохиох, ямархуу хийц маягтай байх талаар ухаан сэдэж, эмэгтэй дээлийн үлгэр загварыг уран сэдэж олсон гэдэг аман домог бий. Тэр эмгэн өөрийн гарын алганы хэсгээс ухаалж дээлний үлгэр загварыг бүтээжээ. Хүний баруун гарын алганы хээний хэсгээр дээлний баруун ханцуйн хэсгийг харин зүүн гарын алганы хээний хэсгээрээ дээлийн зүүн ханцуйг тус тус гаргаж дээлийн үлгэр загварыг бүтээсэн ажээ.
Гарын алган чигчий буюу богтос талын (гипотенар хэмээх) хэсгээр эмэгтэй дээлийн ар цээжний үлгэрийг сэджээ. Гарын алганы эрхий хурууг уг (тенар) гэж нэрлэх загвараар авгай дээлийн ханцуйн уг буюу мөр хэсгийн үлгэрийг авчээ. Гарын эрхий хурууны хоёр дахь (паланг) үеэр дээлний түнтгэр, бүдүүн ханцуйн загварыг бүтээв. Харин эрхий хурууны нэг дэх үе (паланг) хэмээх хэсгээр эрүү ханцуй буюу нарийн ханцуйг, мөн эрхий хурууны хумстай хэсгийн загвараар дээлний нударга турууны үлгэрийг хийсэн гэнэ. Ингэж ардын аман домогт эмэгтэй хүний дээлийн үлгэр загвар хэрхэн гарах болсон тухай өгүүлжээ.
Буриад авгай дээл нь зах, энгэр, өр, өвөр, цээж, хормой зэрэг найман хэсгээс нийлэн бүтдэг. Уг дээлийн энгэрийг нэг нарийн эмжиж, гадаад, дотоод хормойн доод биеэр, хормойн байр биеэр хар буюу бараан өнгийн эдээр хөвөөлөн өргөн эмждэг. Эмэгтэй хүний дээлийн тохойг хоргой, торгоор өргөн эмжинэ.
Эмэгтэй дээлийн цээж хормой хоёрын залгаагаар хуниас гарган оёдог. Дээлийн ар хуниас, мөрний хуниасыг гурван хос утсаар маш жигд хавж гаргана. Хуниасыг цэвэрхэн нямбай гаргаснаар дээлийн үзэмж, ур хийц ямар байгааг илэрхийлнэ. Дээлийн заханд нэг, энгэрт хоёр, суганд нэг товч хадна. Эмэгтэйчүүд дээлнээсээ бага зэрэг богино ууж өмсөх бөгөөд түүнийг төрийн өмсгөл гэж хүндэлнэ.
Ууж нь ар, өвөр хоёр талдаа, өөрөөр хэлбэл, бүсэлхийгээрээ торгон эдээр хийсэн гоёлготой ажээ. Ууж нь хормойтой ба цээж гэж хоёр янз буй. Хормойтой уужийг эмэгтэйчүүд баяр ёслолын үеэр, цээж уужийг гэр зуур, хөдөлмөр хийхдээ өмсдөг. Ууж нь ар нурууны хуниаснаас доош задгай оноотой, энгэр шулуун байна. Уужны энгэр, ар оноог туузаар эмжинэ.
Басган дээлийн бүслүүрээр татаахан (татаас) гэж нэрлэдэг улаан, шар, ногоон гурван өнгийн эд барьж оёсон байдаг.
Самган (авгай) дээлийн энгэрийг, ганц нарийн эмжинэ. Гадаад, дотоод хормойн доод биеэр хар буюу бараан бөсөөр өргөн хөвөөлж оёно. Бэлэвсэн авгай бол улаан өнгийн туузыг цээж биеэрээ хэлтгий ороож бүсэлдэг ажээ.
Буриад авгайн дээл нь татаахан, мөшгөөхөн, тууз зэрэг элементтэй. Самган дээлд татаахан зөвхөн урд энгэрийн бүслүүрт байдаг байхад басган дээлд ар, өвөр хоёр татаахан бий. Дээлийн захыг эргэн тойрон нарийн хөвөөлж эмждэг. Цээж уужийг оодон ууж гэж нэрлэх бөгөөд түүнийг хадам эцэг, эх, ахмад хүний дэргэд ёслолын хувцас болгон өмсөнө. Хормойтой ууж нь ар цээжний татаахнаас доош оноотой нь туузаар эмжсэн байдаг. Уужны энгэр, хормойд хөвөө, мөшгөө хийдэггүй ажээ. Татаахан залгасан хэсэгт хуниастай билээ.
Авгай дээлийн ар хормой, цээж биеийг хямд зүйлээр харин урд хормойг торго магнагаар хийдэг байжээ. Уужны урт нь дээлийн уртаас хоёр хуруу богино, дээл, ууж хоёрыг гаднаас ажиглахад ялгагдана.
Буриадын хувцас нь бусад монголчуудын хувцастай адилхан авч нарийн гоёл, эсгэц, хийц маягаар ялгаатай. Буриад эрэгтэйчүүдийн дээлний энгэр хурц омогтой, гурван эмжээртэй. Эмжээрийн дээд тал нь хөх буюу ногоон өнгөтэй. Үүнийг цагаалж гэдэг. Цагаалж эмжээрийн удаа нь хар хилэнгээр өргөн эмжинэ. Дараа нь түүний яг адил хэлбэрээр улаан эдээр эмжсэн байдаг. Эдгээр эмжээрийн дундуур хөндлөн, хол, хол гүйлгэн оёж, оёдлын хоорондох зайгаар зөөлөн эд хийж хэд, хэд хамарласан хөшилт гаргаж гоёл хийнэ. Дээл, тэрлэгний энгэрийн гутгаар оёлыг дээд, дунд, доод тэнгэр хэмээн тайлбарлах бөгөөд энэ нь эртний шүтлэг бишрэлийн ойлголтыг тусгасан ч байж болох. Дээлийн хормой, ханцуйн үзүүрийг хилэн буюу хар өнгийн өөр эдээр өргөн эмжинэ. Хижээл хүний нударга том, залуу хүнийх бага хоёр янз байв. Нударгыг хурганы арьс, ангийн үсээр хийж хоргой, торгомсгоор эмждэг.
Эрэгтэй дээлийн захны ар нь өндөр, захны товч хадах хэсэг нь намхан. Буриад эрэгтэйчүүд хантааз хэрэглэнэ. Хантааз нь хоёр ташаандаа оноотой, өргөн эмжээртэй, хошмогтой, энгэр нь ердийн дээлийн маягтай юм.
Буриад авгай гэзгээ хоёр хэсэг болгон, туйв хийж гоёдог. Үсний туйвыг хоёр шанаа хавьд хөндлөн хийнэ. Туйвны (нарийн мод) урт нь 15 см, өргөн нь 1 см орчим байна. Туйв нь их хэсэг, толгойн боолт (хар утас) зэрэг зүйлээс бүрдэнэ. Туйвны толгойд шүр, хув, алт, алтан шармал хийж гоёдог бөгөөд туйвны модон голыг үсээрээ цэвэрхэн ороон, боолт утсаар эгэлдрэглэн татаад, модон туйвыг ороогоод илүү гарсан гэзэгний үсийг гурваар сүлжин, үзүүрээс нь гоёл зүүлт зүүж чимнэ.
Охидууд нь хоёр шанаандаа тус бүр хоёр, толгойн орой дээр нэг, ар шилэндээ гурав, бүгд найман салаа гэзэг сүлждэг ажээ. Буриад самган, басгадын баруун ташаанд хэт, ховол, зүүний гэр, шүдний чигчлүүр, харин зүүн талд хутга, чимхүүр зэргийг зүүдэг ажээ.
Эрэгтэй хүний зүүн ташаанд хэт, бэл гинж зүүдэг. Авгайчууд чихэндээ цагираг, сүүжин, цэцэг, шилбэ ээмэг зүүнэ. Ээмгийг нарийн мөнгөн гинжээр холбож зүүнэ. Гартаа бөгж, бугуйндаа бөөрөнхий, хавтгай бугуйвч хийж гоёдог. Гэзгэндээ шүр, сувд алагласан мөнгөн даруулга хийнэ. Нүүрэндээ тохируулан энгэсэг тавьж гоодно.
Буриадууд юүдэн ба шовгор оройт малгай өмсдөг. Шовгор оройт малгайн урд биеийг уртавтар, хойтохыг богиновтор хийх бөгөөд улирлын сэрүүнд малгайн өмнөх саравч талыг буулгах, дулаан үед сөхөх зэргээр өмсөнө. Малгайн оройн гуравны хоёр хувийг нь ширсэн байна. Энэ ширээс нь малгайн хэв загварыг алдагдуулахгүй. Малгайн оройд цацаг хадах бөгөөд цацаг нь дөрвөн зүг, найман зовхист намирна. Малгайг эргэн тойрон эмжин бөхөлдөг. Буриад нь бусад ястны нэг адил малын арьс шир элдэж, өнгө будаг оруулан хувцас хийнэ. Үхрийн шир, хонь, ямааны арьс зэргээр гутал хийнэ.
Буриад гутал хөдсөн, булигаар, хилэн дэгтий зэрэг олон янз гутлын хушууг бөхөлж булигаараар тоног тавьдаг бөгөөд хөдсөн гутлын түрий нь хүн язахад унжиж унах учир түрийнд нь оосор хийж, өмдний тэлээнд бэхэлж уядаг ажээ. Гутлын оймсыг нэхий, эсгий, хөвөнтэй бас ноосон нэхмэлээр хийдэг. Буриадууд гутлын зулгийг сараг, хавчаарыг зулаг, улыг ирмэг гэж нэрлэдэг. Гутлын дотор улыг ахрын эсгийгээр хийнэ. Улны эсгийний захыг хайрч, өөг авч, малын элэг, наалтаар нааж, ойр ойрхон ширнэ. Зулагт улаан, ногоон өнгийн утас барьж оёод, зуузайн хэсэгт угалз тавина.
Зуны улиралд булигаар, өвөлд арьс, нэхийгээр хийсэн гутал өмсөнө. Шир, арьс зэрэгт тусгайлан бэлдсэн хар модны холтосны уусмал түрхэж будаад хээ угалз тавин гутал хийдэг юм. Гутлын оймсыг тусгай ултай, улгүй хоёр янз хийнэ.
Буриад хувцас нь бусад ястны нэгэн адил өөрийн өвөрмөц онцлог, хийц маягтай нарийн гоёл чимэгтэй, цаг улирал, ажил, хөдөлмөр, гэр ахуйн нөхцөлд тохирсон байна.
Эх сурвалж: snow-rain.blog.banjig.net
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-4 12:13 , Processed in 0.069531 second(s), 21 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表