|
5#
楼主 |
发表于 2012-11-17 22:46:17
|
只看该作者
Эрхэм иргэд ээ,
Тэнгэрээс сонссон мэт, тэнгэрээс сурсан мэт Чингис хаан сайныг таних увьдастай байлаа.
Тэр нүдэндээ галтай, биедээ эрдэмтэй, оюундаа номтой хүн байсан гэдэг.
Чингис хаан таван эрдэм тэгш бүрдсэн, хүний чимэг явж дээ.
Тэр хүний сайныг олж нөхөрлөж, газрын сайхныг олж нутагладаг байсан.
Тэр тарааж явсан ч, цуглуулж явсан юм.
Тэр шижир адил шигшигдсэн эрдэнэ мэт бүгдийг түүж явсан.
Тэр сайн бүхнээ Монголдоо үлдээсэн. (алга ташив)
Монгол хүний чанарт, Монгол газрын гоо сайханд үлдээсэн.
Монгол төрийн ёс журамд, Монгол ахуйд үлдээсэн.
Зарлиг, сургааль, захиас болгож үлдээсэн.
Монголын нэр сүр, алдар суу, алдаршгүй түүх болгож үлдээсэн.
Эзэн Чингис богдын хөх толбот үр хойчис нь эдүгээ ч ээж ааваа баясган мэндэлсээр байна.
Монголчууд улам олуулаа болох ерөөл үргэлжилж байна. (алга ташив)
Монголоо гэх санаанд Монголчууд нэгдэж улс гэрээ урагшлуулан дэвжээхийн төлөө зүтгэж байна.
Чингисийн байгуулсан төр нь сүлдтэйгээ, тамгатайгаа, эзэдтэйгээ мандаж явнаа. (алга ташив)
Монголын төр түмэн их эзэн хаандаа, Их Монгол гүрний есөн зууны өнгөн дээр ийнхүү ерөөл өргөж байна. (алга ташив)
Чингисийн цэргүүдийн унаж явсан намхан хээр морьд манай айл бүхний адуунд бий. Чингисийн төрж өссөн эсгий гэр Монгол нутгийн хээлэнд халуун голомттойгоо, унь тооно нь хөлөрсөн шиг орчлонгийн өглөө бүхнийг тосдог.
Түүний шүтэж явсан Монгол ижий нь Монгол хүн бүрт, Монгол айл бүрт заяадаг юм. Чингисийн өмсөж явсан дээл, хэрэглэж явсан бичиг үсэг , хэл аялгуу нь одоо ч байна.
Чингисийн их цагаан туг, хар сүлдийг манай ард түмэн, манай цэргүүд өнөөдөр ч шүтэж явнаа.
Чингисийн тогтоож явсан хууль, шударга ёсыг Монголын төр өнөөдөр ч эрхэмлэн хатамжилж явнаа. (алга ташив)
Эрхэм Монголчууд аа,
Эзэн богд Чингис хаан бол Монгол үндэстний цаглашгүй орших оройн дээд шүтээн юм.
Чингис хаан хутагт хувилгаан байгаагүй.
Чингис хаан мах, цусанд төрсөн Монгол хүн байсан.
Монголчууд бид Чингис хаанаа ямар учраас үндэсний бахархал гэж үзэх болов оо!
Онон, Хэрлэн, Туулын эхэнд төрсөн тэр Монгол хүү Монгол үндэстнийхээ бахархалыг биедээ шингээж, баяжуулж, бас амьдруулж чадсан юм.
Үндэсний бахархал гэдэг бол хүнд шингэсэн, хүнээр дамжсан, хүний бүтээсэн бахархал юм.
Чингис хааны бүтээсэн түүх бол аугаа их, арилшгүй тод түүх юм.
Дэлхийн түүхнээс Чингисийн түүхийг салгах аргагүй.
Францын гоо Филипп, Ромын Папаас эхлээд Оросын вангууд, Хятадын Дао, Европын ханлигууд, Энэтхэгийн могул, Арабын султанууд Чингис хаантай болон түүний үр ач нартай харилцаж явсан.
Энэ түүх арилшгүй бөгөөд саяхны мэт санагдах нь гагцхүү тэнгэрийн таалал биз ээ.
Хүн төрөлхтөний хэдэн үедээ нэрийг нь андахаа байсан их хүмүүс бий.
Их Атилла, Юлиус Цезарь, Македоны Александр, Кристофер Колумб, Напольеон Бонапарт .
Гэвч тэдэнд мянган жилийн дуурсгалт хүн болох Чингис хааны өмнө алхах хувь дутдагиймаа. (алга ташив)
Тэр дэлхийг талд нь ортол агшааж, дэглэм журам гэдгийг ертөнцөд таниулсан.
Хүний шид төрийн ёсыг хүн төрөлхтөнд өөрт нь ойлгуулсан.
Тиймээ. Тэнгэрийн элч, бидний хаан бахархал бол яах аргагүй Тэмүжин-Чингис хаан юмаа. (алга ташив)
Одоо цагийн эрдэмт зарим сартваахууд Чингис хааныг “өнөөгийн дэлхийг үндэслэгч” гэдэг дүгнэлтэд нэгдэх боллоо.
Монгол хаад очсон газар бүртээ хамгийн хатуу бас соёлтойд тооцогдож байсан нь тохиолдол биш ээ.
Тэд хамгийн удаан орших дэг журам, үнэт соёл, билэг сургаалийг үлдээж байсан нь улам бүр тодорсоор байна.
Энэ бол Монголын, Монголчуудын түүх уламжлал соёл хичнээн их өгөөж үржил шимтэй, бас ямар их баялаг дундаршгүй болохыг илтгэх баталгаа юм. (алга ташив)
Эрхэм нөхөд өө,
Чингис хааны үр хойч дундаас түүний байгуулсан төр, улсыг сайн авч явсан нь ч бий, муу авч явсан нь ч бий.
Түүний нэрийг ашиглаж, зарлиг хуулийг нь дагасан нь ч бий, умартсан нь ч бий.
Нэрийг нь хэлж алдар сууг нь магтахаас, ойг нь тэмдэглэхээс айж бэргэн, ялд унаж явсан үе ч Монголчуудад бий.
Гэвч Чингис хаан буман сумны зэвнээс тодрох ганц алтан зэв мэт цагийг нэвтлэн, цагийг эзлэн оршсоор байнаа. (алга ташив)
Түүний орших газар нь Монгол ахуй Монгол төрийн дэг жаяг, хууль дүрэм.
Монголын дээд уламжлал, соёл, ёс заншил юм.
Иймээс Монголыг мэдэх гэвэл Чингисийг мэдэх хэрэгтэй.
Чингисийг мэдэх гэвэл Монголыг мэдэх хэрэгтэй. (алга ташив)
Чингисийн болон түүний үр хойчийн өв соёл, түүх бол оюунт хүн шавхаад дуусашгүй их юм.
Оюун мөхөсдөх их өв, үл зөрчигдөх төрийн ёс гэж байдгийг бидний хаан газарт буулгаж чадсан юм.
Их гүрний жаргал ч их, зовлон ч их байдаг.
Наран ургахаас наран шингэх хүртэл засаглахад зангараг хэрэгтэй.
Тэр тусмаа их гүрнийг засаглах зангараг.
Тэр зангараг бол цэрэг арми ч биш, зам харгуй ч биш, өр төлбөр ч биш.
Тэр бол Хүн гүрнээс эхтэй төрийн хатамжлан биелүүлэх хууль журам, дэглэм соёл байсан юм. (алга ташив)
Чингис хааны нэр их газар орон эзэлснээс илүүтэй, их хуулийг тогтоож их ёсыг сахиулж явснаар мөнхөрсөн юм.
Чингис хаанд нялуун магтаал зохихгүй.
Түүний тухай цаг хугацаа ярьдаг юм.
|
|