|
2#
楼主 |
发表于 2010-9-23 16:15:02
|
只看该作者
Эмээгийн минь өндгөө шивэн оёж, ээжийн минь уран шаглаагаараа чимэглэсэн эрээн тансаг дээлийг мөн л шавьж хоолтой хүмүүс “Манай үндэсний хувцас аа, энэ чинь” хэмээн дэлхийн дэвтэрт тэмдэглүүлж байгаа сурагтай. Энэ удаад тэсэж сууж чадашгүй нь ээ. Эмээгийн минь яс өндөлзөж, өвөөгийн минь сүнс гаслах байгаа даа. Өчигдөр дуу хоолойг минь авчихсан тэд, өнөөдөр өмсөх хувцасыг минь дээрэмдлээ. Удахгүй орон гэрт минь орж ирчихээд, хүлэг морин толгойт хуур юуг минь хоймороос шүүрч, хонгор үрсийн минь толгой дээр шээгээд зогсож байж мэдэх нь байна. Хэл усыг нь сурсан, хил юуг нь давсан хэдэн монгол тэнд үхсэнээ хийж суудаг хэрэг вэ. Эрт улбаагаа мартаж, эрээн цаасыг дээдэлж, эцэг онгодын сүнсээ тэнгэрт гаслахыг дуулахгүй суусаар байтал энэ биед чинь өмсөх хувцас, идэх хоол, дээдлэх шүтээн, дэвсэх соёл ч олдохоо байлаа. Хүний газар яваа та нар хэл соёлоо мартаа юу? Хэдэн монголоо нулимаа юу? Хэл чимээ дуулсан дороо хэн таарсанд нь хэлж болдоггүй юм уу? Мэдээлэл дуулсан хэд маань “Маргааш бид дээлгүй болох нь” хэмээн хий л гаслаж харагдана. Монгол хүний уужуу бардам зам, ур задгай сэтгэлгээ, ухаан дэлгэр занг түрүүлж харуулах ухаан түмэн монголчуудын дунд ширхэг ч алга гэж үү дээ, ах дүү нар минь?
Монгол сайхан дээлэндээ, морин хуурын билэгдэлдээ, талын тансаг уламжлалдаа баяртай гэж хэлмээргүй байна. Эх нутагтаа ирсэн хятад хүмүүсийг хөөж гаргачихаад үр хүүхэд биднийгээ амар сайхан амьдарна даа хэмээн итгэж найдаж орчлонг орхисон өвөөгийн минь сүнс тарчилж байна. Эцэг дээдсийн уламжлалыг зүү утсанд шингээн, шилбэ товч зангидахыг заасан эмээгийн минь яс өндөлзөж байна. Хөөмийгөө бусдад алдчихаад хэнэг ч үгүй яваа монголчууд бид, хөдсөн дээлээ булаалгачихаад хөмсөг зангидан шившигт уналаа даа ингээд. Хойч үедээ юу гэж хэлэх вэ? Хонгор үрсдээ юугаа заах вэ? Хожим амаа асуулгах хорсолт цаг үед төрсөн бид юутай шившигтэй, юутай арчаагүй.
Дулаан яваг гэж бүтэн бие ороосон
Дурсаж яв гэж бүрэн утга шингээсэн
Ханьтай байг гэж хамаг бие нөмөрсөн
Хадгалж яв гэж хамба торгоор урласан
Хайран ч монгол дээл минь…
Ээж минь шүүгээндээ хураасан дээлнүүдээ нулимстайгаа эвхээд далд хийж байгаа харагдлаа. Хий л санаа алдахдаа нуруугаа тэнийлгэж ч чадахгүй байна. “Дөрвөн охиндоо зориулж дөрвөн өнгийн торгоор, дөрвөн сайхан дээлийг ээж нь цагаан сараар өмсгөх гээд захиалчихсан юмсан. Одоо тэгээд би хэдэн хүүхэндээ хятад хувцас өмсгөлөө гэж гайхуулах болох нь ээ дээ” гэж л дуугарлаа.
Х.Болор-Эрдэнэ блогоос авлаа |
|