Засаг нээлттэй ажиллая, иргэн та оролцоотой байгаарай
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар 2012 оны 8 дугаар сарын 20-нд бүрдэж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 100 хоног өнгөрчээ. Нийгмийн бүх шат давхаргад шинэчлэлт өөрчлөлт хийж, хөгжлийг зөв тогтолцоогоор урагшлуулан түргэтгэх хэмээн үйл ажиллагааны үндсэн чиг зорилгоо тодорхойлж, “Шинэчлэлийн” гэсэн нэрийг өмнөө тодотгол болгон авсан энэ Засгийн газар 100 дахь хоногоо тохиолдуулан хийжамжуулсан ажил, хийхээр төлөвлөсөн бодлого зорилтоо ард иргэддээ цувралаар танилцууллaa.
Долоо хоногийн турш өрнөсөн “Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт” цуврал арга хэмжээг өнгөрөгч даваа гаригт гэрэл зургийн үзэсгэлэнгээр нээж байсан бол өчигдөр "ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР 100 ХОНОГТ" хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолтоор хаалаа.
Хүндэтгэлийн хурлын эхэнд Ерөнхий сайд Норовын Алтанхуяг "Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт" сэдвээр илтгэл тавьсан. Хүсэл зорилгогүй нэгний хувьд нэгэн хэвээр өнгөрсөн байж болох энэ 100 хоног Шинэчлэлийн Засгийн газрын баг бүрэлдэхүүний хувьд олныг бодож боловсруулсан, хийж хэрэгжүүлсэн, цаашдын их ажлынхаа суурийг бат тавьсан чухал үе байлаа гэж Ерөнхий сайд хүндэтгэлийн хурлын индрээс хэллээ. Тэрбээр илтгэлдээ Шинэчлэлийн Засгийн газраас зохион байгуулсан гол гол ажлаа танилцуулж, ирэх дөрвөн жилийн зорилт төлөвлөгөөгөө ард иргэддээ тайлбарласан юм. Төрийн бодлого, үйл ажиллагаа ирэх жилүүдэд хаашаа чиглэхийг түмэн олон мэдэж, үнэлж дүгнэж, сайшааж,шүүмжилж, санаа сэдэл өгч байгаасай гэсэн үүднээс бид энэ цуврал үйл ажиллагааг зохион байгуулсaн юм гэж Засгийн газрын тэргүүн илтгэлийнхээ төгсгөлд тодотгосон.
Ерөнхий сайдын илтгэлийн дараа Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж хамтран ажиллаж буй улс төрийн намуудын сайдуудыг төлөөлж Шадар сайд Д.Тэрбишдагва, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар үг хэлж, нийгмийн бүх шатанд хийхээр зорьж буй шинэчлэлийг дэмжихийг уриалсан юм. |