Гадаад дотоодын хүндэт зочид, эрдэмтэн судлаачид, эх орны алдар гавъяатнуудыг цуглуулан Төрийн ордноо зохион байгуулсан хүндэтгэлийн хурлыг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг нээлээ. Тэрбээр Монголд саатсан зочид, эрдэмтэн судлаачид, нийт ард иргэддээ “Үндэсний бахархлын өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлээд, энэхүү түүхэн ой, тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулсан онцлох үйл ажиллагаануудыг танилцуулсан. Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан ирээдүй хойч нь болсон 850 залуу андгай тангараг өргөн иргэний үнэмлэхээ гардсаныг, Чингис хаан бол соёлын өвийг таригч, техник технологийг хөгжүүлэгч, чөлөөт худалдааг дэмжигч, даяарчлалыг санаачлагч байсныг дэлгэн харуулсан “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд гаргасныг, хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг нь монголч эрдэмтдээр хэлэлцүүлж буй “Чингис хаан ба даяарчлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж буйг Засгийн газрын тэргүүн тодотгон хэлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Аливаа шинэчлэлийг явуулна гэдэг өнгөрснөө умартана гэсэн үг биш, харин ч мартаж боломгүй өв соёлоо хайрлан хамгаалж, хадгалан үлдээхийн нэр учраас манай Засгийн газар Шинэчлэлийн бодлогодоо энэ бүгдийг онцгойлон тусгасан. Бахархах өв түүх үлдээсэн өвөг дээдэс шигээ ирээдүй хойч минь биднээр бахархах тэр түүхийг хамтдаа бүтээцгээе” хэмээн хүндэтгэлийн хурлын индрээс нийт ард иргэддээ уриаллаа. |