Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эртнээс харилцаатай Киргиз Улсад тус улсын ерөнхийлөгчийн урилгаар зочлон ирээд байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Монгол Киргиз хоёр орны ард түмэн түүх соёлын хувьд эртний уламжлалтай. Монгол Улсад “Хяргас” нуур “Хэргэсүүр” гээд Киргизтэй холбоотой байгаль түүхийн дурсгал олон байдаг бөгөөд аль аль нь нүүдэлчин угсаатай ард түмэн. Дөрөвдүгээр сарын 22-нд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиох гэж байна. Энэ ойн өмнө айлчлал хийж байгаа нь билэг дэмбэрэлтэй юм. Манай хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд засгийн газар хоорондын комиссуудын үйл ажиллагаа чухал. Тиймээс энэ оны сүүлийн хагаст засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монгол Улсад хийх саналтай байгаа” гэв. БНКиргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаев “Манай хоёр ард түмэн нүүдэлчин угсаатай ч аль аль нь парламентын засаглалыг сонголоо. Парламентын засаглалд давуу тал их бий гэдэг нь тодорхой. Танай орон Ерөнхийлөгчөө парламентаас бус ард түмнээсээ сонгодог, үүний давуу тал юу вэ? парламентаасаа сонгох нь зардал хэмнэх зэрэг давуу талтай байж болох талаар та бүхэн судалсан уу” хэмээн асуухад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Манайх ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгодог бөгөөд энэ бол ерөнхийлөгч нь ард түмэн дундаа, ойр байхад нь дөхөмтэй учир бид илүүд үздэг” хэмээн хариулав. Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн Улаанбаатар-Бишкек- Станбулын нислэг нээж улмаар иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх боломжийн тухай, хөдөө аж ахуйн салбар тэр дундаа монголоос киргизэд мах экспортлох боломжийн тухай, шинэ тулгар ардчиллыг хөгжүүлж буй орнуудад тулгардаг сорилын талаар санал солилцсоноор ганцаарчилсан уулзалт өндөрлөсөн юм. |