Иймд, Монгол Улс 2006 онд 9 дүгээр сарын 10-11-нд Финландын Хельсинки хотноо болсон АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний уулзалтаар албан ёсны гишүүн болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд өөрийн улсын эрх ашигт нийцсэн салбарт идэвх санаачилгатай оролцох байр суурийг баримталж ирсэн. Тухайлбал, манай улс АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт, гадаад харилцааны сайд нарын уулзалт, Сангийн сайд нарын уулзалт, Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази-Европын залуу парламентчдийн уулзалт, Шилжилт хөдөлгөөн, суурьшилтийн асуудлаарх АСЕМ-ын орнуудын цагаачлалын албадын удирдлагын хурлууд зэрэг арга хэмжээнүүдэд тогтмол оролцож ирсэн. АСЕМ-ын орнуудын Шилжилт хөдөлгөөн, суурьшилтын асуудлаарх цагаачлалын албаны удирдлагын ээлжит хурлыг 2011 оны 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.
Бельгийн Вант Улсын Брюссель хотноо 2010 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний 8 дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид ороцож, уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эдийн засаг, санхүүгийн засаглал", "Тогтвортой хөгжил, "Глобал асуудлууд", "Бүс нутгийн асуудлууд", "Иргэд хоорондын харилцаа, АСЕМ-ын үүрэг роль, түүний ирээдүй" зэрэг сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож өөрийн улс орны байр суурийг илэрхийлж үг хэлсэн нь АСЕМ-ийн хүрээнд бусад түнштэй хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон чухал алхам болсон.
Тус уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ус ба ойн асуудлаарх АСЕМ-ын Байгаль орчны сайд нарын түвшний ээлжит уулзалтыг өөрийн улсад зохион байгуулах санаачлага дэвшүүлсэн билээ.
АСЕМ-ын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтуудыг өмнө нь Хятад 2002 онд, Итали 2003 онд, Дани 2007 онд тус тус зохион байгуулж байсан.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох, сөрөг үр нөлөөг бууруулах болоод байгаль орчны тогтвортой байдлын асуудлаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Суурь конвенци, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд зэрэг олон улсын түвшинд идэвхтэй яриа хэлэлцээ өрнөж ирсэн.
Байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн таагүй сөрөг нөлөөллийг бууруулах, тулгарч байгаа сорилтуудыг даван туулах, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чиглэсэн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох үүднээс идэвх санаачлага гарган ажиллаж ирсэн. Тухайлбал, манай улс 2007 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Зүүн хойд Азийн орнуудын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачлага дэвшүүлж, улмаар 2009 онд бүс нутгийн орнуудын байгаль орчны асуудал эрхэлсэн газрын дарга нарын болон сайд нарын түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулсан.
АСЕМ-ын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг өөрийн улсад зохион байгуулах нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох Ус ба ойн тогтвортой менежментын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, байр суурийг сурталчлан таниулах, Зүүн хойд Азийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачлагаа урагшлуулах, эл чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхшинэ боломжийг нээн өгөх зэрэг ихээхэн ач холбогдолтой билээ. |