|
| МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ
|
|
Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,Хатагтай, ноёд оо,
Юуны өмнө энд хуран цугласан Монгол, Хятадын бизнес эрхлэгч Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Мөн БНХАУ-д хийж буй албан ёсны энэхүү айлчлалын хүрээнд та бүгд ажил хэргийн уулзалт ийнхүү зохион байгуулж, намайг урьсанд талархаж буйгаа илэрхийлье. Монгол Улсын Ерөнхий сайдын энэ айлчлалын гол ач холбогдол нь хоёр орны хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж зарлахад оршиж байна.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вянь Зябаотай гол хэлэлцээгээ үдээс хойш хийхээс өмнө хоёр орны ажил хэрэгч хүмүүс, бизнесийн төлөөлөгчид Та бүхэнтэй уулзаж байгаадаа билэгшээж байна. Учир нь стратегийн түншлэлийн харилцааны хөдөлгөгч гол хүч бол худалдаа, хөрөнгө оруулалт, харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагаа, өөрөөр хэлбэл энд цугласан та бүгдийн хамтын үйл ажиллагаа, түншлэл юм.
Монгол, Хятадын ард түмэн олон зууны турш худалдаа, арилжаа эрхэлж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү түүхэн уламжлалт худалдаа, бизнесийн харилцаа нь даяаршилын өнөөгийн нөхцөлд манай хоёр орнуудын хувьд бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтдаа хөгжих түүхэн сайхан боломжийг олгож байгаа юм.
БНХАУ-ын өсөлт дэвшил нь хөгжлийн эдийн засгийн талаарх ойлголт, түүний хүрээг тэлж, хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө ажиглагдаж байгаагүй шинэ шинэ рекорд амжилтаар баяжуулсан. Хятадын ДНБ-ний өсөлтийн хурдац, валютын нөөцийн хуримтлал, нэг жилд ядуурлаас гаргаж буй хүний тоо зэрэг дэлхийг гайхуулсан статистикийн олон шинэ үзүүлэлтүүдийг энэхүү өсөлт нь бий болгосон. БНХАУ-ын эдгээр амжилтуудад монголчууд бид баяр хүргэж, улам дэвжин цэцэглэхийн ерөөлийг өргөн дэвшүүлж байдаг. Дорнын их сэтгэгч Зуанг Зи “амьдрал хязгаартай, харин мэдлэг хязгааргүй” хэмээн хэлсэнчлэн өнөөгийн бидний мэдэхгүй, мэдээгүй байгаа олон сайхан шинэ даваа, шинэ амжилтыг Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил цаашид ч үзүүлнэ гэж би төсөөлдөг.
Эдгээр амжилт нь зөвхөн БНХАУ-ын амжилт биш бүхий л хүн төрөлхтөнд эерэг нөлөөтэй амжилт гэдэг нь 1997, 2008 оны үндэстэн дамнасан хямралуудыг дэлхийн хамтын нийгэмлэг гэтлэн туулахад Хятадын эдийн засгийн өөдөө цойлох хүч хэрхэн тус нэмэртэйгээр нөлөөлснөөс тод харагддаг. Цаашдын амжилтууд нь мөн л тийм нөлөөтэй байна гэдэгт бид итгэдэг. Энэ утгаараа БНХАУ-ын өсөлт хөгжил нь хаяа дэрлэн оршиж буй монголчууд бидэнд мөн л ашигтай, цаашид эерэг хаялгатай байна гэж бид ойлгодог. Тэртээ түмэн бээрийн цаана байгаа айлд мэдрэгдээд байгаа энэхүү түүхэн боломжийг хажууд нь байгаа бид харин цаг алдалгүй амжилттай ашиглахын тулд санаа нэгтэй, хоёргүй сэтгэлээр ажиллах, бас дахин ажиллах хэрэгтэй байгаа юм. Үүнийг биелүүлэхэд энд хуран цугласан ажил хэргийн хүмүүс та бүгдийн, мөн Монголын улс төрчдийн үүрэг хариуцлага нэн өндөр гэдгийг цохон тэмдэглэж хэлмээр байна.
Дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурь эзлэж байгаа БНХАУ-ын эдийн засгийн хөгжил Монгол Улсад ийнхүү ихээхэн боломж нээж буйн зэрэгцээ Монголын эдийн засаг ч бизнес эрхлэгч та бүхэнд чамгүй бололцоог олгож байгаа. Байгалийн баялаг, түүхий эд, эрчим хүчний эх үүсвэр, бараа үйлчилгээний транзит тээврийг хөгжүүлэх Монголын нөөц бололцоог олон улсын өнөөгийн хөрөнгө оруулагчид зүй ёсоор үнэлж, бас сонирхох болсон байна. Сонирхоод зогсохгүй тал талдаа ашиг тустайгаар ашиглах эхний алхмууд хийгдэж эхлээд байна.
Ийм ч учраас өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөн хүрээтэй, эрчимтэй хөгжиж байна. 2010 оны байдлаар Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын тал орчим хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүхий 5000 гаруй аж ахуй нэгж эзэлж байна. Үүнд уул уурхай, барилга угсралт, худалдаа, үйлчилгээний салбар голлох үүргийг гүйцэтгэж байна. Урьд нь хөрөнгө оруулалтын тухай ярихад зөвхөн нэг талаас, өөрөөр хэлбэл БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулах асуудал яригддаг байсан бол одоо Монголоос Хятад руу хөрөнгө оруулах, Хятадад хамтарсан аж ахуйн нэгж байгуулах эхлэл суурь тавигдаж байна. Энэ үүсгэл санаачилгыг хоёр талын холбогдох байгууллагууд дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна. |
|