Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны иргэн, ахмад дайчин Совдын Дашдорж, “Алтан гадас” одонгоор "Сонгинохайрхан" эрүүл мэндийн нэгдлийн ахлах сувилагч Лундаажанцангийн Баясгалан, Нийслэлийн 3 дугаар сургуулийн сургалтын менежер Батсүхийн Уранбилэг, “Хар чонот” ХХК-ийн цахилгаанчин Доржийн Даваа, “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн дулааны оруулгын слесарь Цэдэндоржийн Галтмаа, Клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн сувилагч Бадрахын Оюунбилэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын ахлах мэргэжилтэн Далхжавын Байгалмаа, Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Дамбын Ганбат нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Архивын ерөнхий газрын нийтлэг үйлчилгээний хэсгийн үйлчлэгч Цээлхаажавын Эрдэнэчимэг, “Хүмүүн тус” эмнэлгийн сонсголын их эмч Бадамгаравын Энхгэрэл, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн нярав Доржпаламын Оюунгэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторийн шил угаагч Шатарын Санаа-Амгалан, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн кассчин Сэрээтэрийн Цэцэгмаа, “Автобус-3” ХХК-ийн кондуктар Цэрэнгийн Бүжин нарыг шагнав. Ерөнхийлөгч шагнагдагсдад баяр хүргэж хэлэхдээ “Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жилийн түүхэн ой тохиосон Үндэсний их баяр наадмаараа Монгол төрийнхөө шагналыг хүртэж байгаа нийт иргэддээ болон наадамчин олондоо баярын мэнд хүргэе. Мянга мянган жилийн түүхтэй монгол төрийн онго их шүтээн Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө энэ танхимд салбар салбартаа хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвилаараа түмэндээ хүндлэгдсэн олон сайхан алдартан өнөөдөр шагнал гардаж авлаа. Ахмад багш, дуучин, гэрэл зурагчин, малчин, зохиолч, сэтгүүлч, тамирчин, хуульч, найруулагч, тогооч, ахмад дайчин, сувилагч, цахилгаанчин, слесарь, үйлчлэгч, шил угаагч, кассчин, кондуктор гээд ажил хөдөлмөрийн талбарт хүн зоныхоо дунд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа манай улсын эгэл жирийн иргэд энэ удаа эрхэм шагналын эзэд боллоо. Шагнал бол тухайн эзнийхээ хүн зондоо хүлээн зөвшөөрөгдсөн бодит зүтгэлийнх нь үнэлэмж, хүндэтгэл байх ёстой. Өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Ичинхорлоогийн Нямгаваа гуайг онцлон дурдмаар байна. И.Нямгаваа нь 100 гаруй жүжгийг найруулан тавьж олны хүртээл болгосон бөгөөд өдгөө дэлхийн шилдэг 100 найруулагчийн 31-д эрэмбэлэгдэж байгаа Монголын кино урлаг, тайз дэлгэцийн түүхнээ тод мөрөө үлдээж яваа алдартан юм. Мөн энд гавьяат багш цол хүртсэн Цэрэннадмидын Саранцацралтыг нэрлэмээр байна. Тэрээр хэл бичгийн шинжлэх ухааны доктор цол хүртсэн анхны эмэгтэй юм. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн хүндэт профессор тэрбээр 2000 онд АНУ-ын намтар судлалын хүрээлэнгээс тодруулсан “Дэлхийн шилдэг эмэгтэй”-н нэгээр тодорч байсан эгэл даруу монгол эрдэмтэн билээ. Ингээд энэ танхимд шагнал гардаж авсан нийт иргэддээ дахин баяр хүргэе. Та бүхэн сайхан наадаарай” гэлээ. |