Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг эрх зүйн зохицуулалтаар хэрхэн дэмжих асуудлыг олон улсын чуулганд оролцогчид тал бүрээс нь хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” эрх зүйн олон улсын чуулган өнөөдөр “Их Тэнгэр” цогцолборт нээгдэж эхний өдрийн хуралдаанаа хийлээ. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой “Financial Times” сэтгүүлийн Ази хариуцсан сэтгүүлч Дэвид Пиллингийн хийсэн ярилцлагаар нээв. Ярилцлагын үеэр Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийн өсөлт уул уурхайд суурилсныг дурдаж, цаашид солонгын долоо өнгө шиг олон салбарын оролцоотой өсөлтийг бий болгохын чухлыг тэмдэглэсэн. Үүнд энэхүү олон улсын чуулган анхаарлаа хандуулж, эдийн засгийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудлуудыг тал талаас нь нухацтай шүүн ярилцана гэдэгт итгэж байгаа Ерөнхийлөгч илэрхийлж оролцогчдод амжилт хүсэв.
Дараа нь УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Д.Лундаажанцан нар Монгол Улсын сүүлийн 20 жилд хийсэн эрх зүйн шинэчлэл, ялангуяа эдийн засаг, бизнесийн салбарын эрх зүйн шинэчлэлийн явц, ололт амжилт, сургамж, цаашдын алхмын талаар үндсэн илтгэл тавьж, чуулганд оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Тэд хэлэхдээ “Эдийн засгийн олон шинэ хууль боловсруулан баталснаар өдгөө Монголд томоохон төслүүд гараагаа эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор нийгэм шударга ёсыг илүү шаардаж байна. Өөрөөр хэлбэл авлигал, хээл хахуультай тэмцэх, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зөв хослуулах, эдийн засгийн өсөлтийг олон талт эдийн засагтай болоход чиглүүлэх, олон нийтийн оролцоог энэ салбарт өргөжүүлэх асуудлыг тавьж байна. Өнөөдөр манайд том компаниуд жижиг, дунд аж ахуйн нэгжийн ажиллах талбарыг түрэн эзэлж байгааг хуулиар зогсоохыг шаардаж байна. Саяхан баталсан Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль бол гадаадын хөрөнгө оруулалт, тэдгээрийн хөдөлгөөн, шилжилтийг ил тод болгох, нөгөө талаас үндэсний эрх ашгаа хамгаалах зорилготой юм. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтын хориглолтын систем болохгүй” гэдгийг тэмдэглэсэн юм.
Үндсэн илтгэлүүдтэй холбон асуулт, хариулт өрнөж дуусмагц “Худалдаа ба түүний зохицуулалт” гэсэн сэдвээр ярилцлага болов. Энэхүү ярилцлагыг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хөтөлж, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Н.Энхтайван, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Ц.Янсанжав, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Кристофер Стюарт, АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Дэвид Виче нар гол илтгэгчээр оролцож, хүмүүсийн сонирхсон асуултуудад хариуллаа.
Гадаад худалдаа 1990 онд 20 хүрэхгүй оронтой 200 гаруйхан сая долларын хэмжээнд эргэлдэж байсан бол 2011 онд 130 улсыг хамарч 11.4 тэрбум долларт хүрчээ. Худалдааны ийм өсөлттэй холбоотой бас бэрхшээлүүд ч үүсч байгаа аж. Гол нь дэд бүтэц, хил гаалийн хяналтын үйлчилгээг сайжруулахгүйгээр цаашид гадаад худалдааг өсгөх, цаг хэмнэх, үнэ өртгийг бууруулах боломжгүй гэдгийг онцолж байлаа. Үүний зэрэгцээ эрх зүйг сайжруулах, Гадаад худалдааны хуультай болох, энэ асуудлыг хариуцсан оновчтой бүтэц бүрдүүлэх хэрэгтэйг илтгэгчид дурдлаа. Учир нь Гадаад харилцааны яаманд 10-хан хүний орон тоотой ганц газар жилдээ тэрбумаар өсч буй энэ худалдааг зохицуулахад хүч хүрэлцэхгүй байгаа ажээ.
Гадаад худалдаанд цаг хугацаа хэмнэх, өртөг зардал бууруулах, борлуулалтаар бүтээгдэхүүнийг үнэд хүргэх гэсэн гурван гол асуудал байдаг.
Эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд 11600 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бий болжээ. Гэхдээ нэг ачааны бичиг баримтыг бүрдүүлэхэд 48 хоног, 2400 орчим доллар зарцуулж байна. Энэ бол дэндүү их хугацаа. Хүнд суртал их байна. Хил дамнасан худалдаагаар Монгол 183 орноос 151-д, өрсөлдөх чадвараар хамгийн сүүлд оржээ. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний зохицуулалт, эрх зүйн орчин тогтвортой, ил тод, хариуцлагатай байх ёстой.
Монголд өнөөдөр их боломж байна. Хатуу дэд бүтцийн зэрэгцээ зөөлөн дэд бүтцэд илүү анхаарах нь үр дүнг ахиу хүртэх нөхцлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл сайн засаглалыг бий болгох хэрэгтэй. Хамгийн гол нь хүнд суртлыг үгүй хийх шаардлагатай байна гэж тэд ярилаа.
|