|
МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ТҮРГЭВЧЛЭХИЙН ТУЛД ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА
Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /НҮБХХ/-ийн захирагч Хелен Кларк 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхав. Тэрээр Монгол Улс НҮБ-д нэгдэн орсны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд манай улсад хүрэлцэн ирсэн байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улсад урт удаан хугацаанд амжилттай ажиллаж байгаад Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархаад харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байна гэлээ.
Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт 66 хувьд хүрэн, эдийн засаг өсч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, ажилгүйдэл бууран, ажлын байр нэмэгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Цаашид эерэг энэ үзүүлэлтүүдийг хадгалж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах, иргэдийнхээ амьдрал, ахуйг сайжруулахыг зорьж байгааг тэрээр хэлэв. Засгийн газар уул уурхайн салбараас орж байгаа орлогоос “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэддээ хишиг, хувь хүртээж, хүнээ хөгжүүлэхийн зэрэгцээ дэд бүтэц, мал аж ахуй гээд бусад салбарынхаа хөгжилд зарцуулж байна. Мөн далайд гарцгүй орны хувьд транзит тээврийг хөнгөвчлөхийг зорьж байгаагаа ч Ерөнхий сайд дуулгалаа.
Цаг зав гарган хүлээн авсанд нь НҮБХХ-ийн захирагч Хелен Кларк Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа орны нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Байгалийн баялаг ихтэй улсын хувьд энэ давуу талаа ашиглах, эдийн засаг, аж үйлдвэрийн салбар, экспортын бараа, бүтээгдэхүүний өсөлтийн үр шимийг нийгмийн салбарт түлхүү наалдуулах нь чухал гэж хатагтай Хелен Кларк үзэж байна.
|
|