|
МОНГОЛ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ
Монголчууд эрт дээр үеэс байгалийн үзэсгэлэнт газар, ховор амьтнаа дархлан хамгаалж, онголон тахиж ирсэн өнө эртний хосгүй уламжлалтай билээ. Энэ асуудлыг төрийн бодлогодоо тусгаж өндөр ач холбогдол өгдөг байсны илрэл нь Чингэс хааны “Их засаг” хууль, Ойродын цааз болон 16-р зууны үеийн хууль цаазат бичиг “Халх журам” зэрэг Монгол улсын хууль тогтоомжуудад нарийн тусгасан явдал юм. “ Халх журам”–д Богдхан уул, Хан Хэнтий, Хөгнөхаан, Жаргалтхаан, Баян, Суман, Улаан, Төвхөнхаан зэрэг байгалийн үзэсгэлэнт 14 ууланд ан агнах, газар хөндөх, мод огтлохыг хориглон зарлаж байв. Тэнгэрийг тэтгэсний 44 дүгээр он буюу 1778 онд Богдхан уулыг албан ёсоор дархалж 1809 оноос эхлэн 28 амыг цагдаатай болгож нутаг дэвсгэрт орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог хүртэл журам тогтоож байжээ. 1818 онд Отгонтэнгэр, Булган уулыг албан ёсоор дархлагдсан газар болгон зарлаж байв. 1911 онд Богдхаант Монгол улсыг тунхагласны дараа Богд уулыг “Богд хайрхан уул” гэж нэрлэн, уулыг хамгаалах захиргаа байгуулж байжээ. Иймээс ч Оросын эрдэмтэн И.Д.Лаптаев: ”Монголчууд байгальтай харьцах талаар Европчуудаас олон зуун жилээр түрүүлсэн байлаа…” хэмээн бичсэн болов уу.
Үүнээс хойш 1950-иад оны үеэс газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах дэс дараатай арга хэмжээ авч эхэлсэн байна. Тухайлбал: 1957 онд Батхаан, Нагалхаан,1965 онд Урантогоо-Тулга – Жалавч, Булган уул, Ёлын ам, Лхачинвандад уул зэрэг газруудыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчидийн зарлигаар дархан цаазтай болгосон байна. Мөн 1975 онд говийн байгаль, ховор амьтдыг хамгаалах зорилгоор Говийн их дархан газар, 1977 онд Хөх сэхийн нурууг тус тус дархалжээ. БНМАУ-ын СНЗ-өөс “БНМАУ-ын дархан газрын дүрэм”-ийг 1975 онд баталсан байна.
1991 онд ЗГ-аас “Тусгай хамгаалалттай газрын дүрэм” батлан, тусгай хамгааллттай горим, дэглэмийг тодорхойлж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 4 ангилалд оруулсан нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх эхлэл болсон юм. 1997 онд “Улсын тусгай хамгаалалттай газар нутийн орчны бүсийн тухай” Монгол улсын хуулиуд шинээр гарч улмаар 1995 онд дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын нийтлэг болон тусгай горимыг Засгийн газар, 1998 онд “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийг УИХ батлан гаргаж мөрдүүлснээр тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи эрх зүйн үндэс үндсэндээ бүрдээд байна гэж үзэж болно. Өнөөдөр Төрийн бодлого, хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх хүрээнд 30 орчим дүрэм, журам,
заавар эрх бүхий байгууллагуудаар батлагдан хэрэгжиж байна.
Өнөөдөр тус улсын нутаг дэвсгэрийн 13,99% хувь буюу 21,8 сая га талбай бүхий 61 газа улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрагдаад байна.
Ангиллын хувьд:
·
Дархан цаазат газар 12 буюу нийт хамгаалалттай газар нутгийн 48,21%
·
Байгалийн цогцолборт газар 22 буюу нийт хамгаалалттай газар нутгийн 42,16%
·
Байгалийн нөөц газар 19 буюу нийт хамгаалалттай газар нутгийн 9,16%
·
Дурсгалт газар 8 буюу нийт хамгаалалттай газар нутгийн 0,47% - г эзэлдэг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг 24 хамгаалалтын захиргаа, зарим байгалийн дурсгалт болон нөөц газруудыг харьяа аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хариуцан үйл ажиллагаа явуулдаг.
|
|