|
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын гадаад хэргийн сайд, ноён Ян Жечиг хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа нь энэ юм байна. Одоогоор манай хоёр улс сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцаатай бөгөөд эрхэм сайд энэ удаагийн айлчлалаараа Монгол, БНХАУ-ын түншлэлийн зэргийг ахиулах зорилготой ажээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд эрхэм сайдыг Монгол улсад тавтай айлчлахыг уриад, Гадаад хэргийн сайд Г.Занданшатартай богино хугацаанд үр дүнтэй уулзалт хийсэн тухай сонссоноо дуулгалаа. “Хоёр улсын харилцаа эрчимжиж байгаа энэ үед сайд та манай улсад ирсэнд тааламжтай байна. 2009 онд Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр миний бие Гадаад харилцааны сайд байхдаа БНХАУ-д айлчилж байсан. Өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао манай улсад айлчилж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрчимжүүлэх суурь үндсийг тавьсан сайхан айлчлал болсон гэж үздэг. Улс төрийн итгэлцлийг бататгах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын түвшинд гаргах, хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн олон талт харилцааг хөгжүүлэх нь Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол агуулга юм.
Монгол улс хоёр том хөрштэйгөө харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг. Үүний нэг адил бусад оронтойгоо ч харилцан хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх гуравдах хөршийн бодлого барьж байна. Энэ нь БНХАУ-тай хийж буй худалдаа эдийн засгийн харилцааны хүрээг бууруулна гэсэн үг биш,харин ч улам баяжуулан өргөжүүлэхэд түлхэц болох учиртай юм. Хоёр улсын хооронд нийгэм, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт харилцаагаа улам хөгжүүлэх шаардлага бий. Зарим үед, тухайлбал дээд түвшинд яригдсан зарим асуудлууд удааширалтай байгаа. Монгол улсын Засгийн газрын хувьд дээр эдгээр харилцааг хөгжүүлэхийн тулд урагшаа харж байна.
БНХАУ-ыг том зах зээл, гол түнш орон гэж үздэг. Энэ агуулгаар хоёр улсын хооронд эдийн засаг, худалдаа гээд бүх салбар яамдын хэмжээнд ч хамтын ажиллагаа эрчимтэй явагдах ёстой. Хүмүүнлэгийн солилцоо, тухайлбал хоёр улсын залуучуудын байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаа ч ирээдүйн төлөө, маргаашийн төлөө байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Эдгээр асуудлуудыг эргэн үзэж, эрчимжүүлэхэд хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. |
|