网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册

Хурдан морь

查看数: 8835 | 评论数: 2 | 收藏 0
关灯 | 提示:支持键盘翻页<-左 右->
    组图打开中,请稍候......
发布时间: 2010-9-8 08:15

正文摘要:

Хурдан морь Хурдан морины шинж Монголчууд эрт цагаас эхлэн адуу малаа маллаж, агт морьдыг сонгон хурд, ша ...

回复

hmjg 发表于 2010-9-8 08:16:18
Хурдан морь


Уяа сойлго

Хурдан морийг уяхад нутаглах газар

Морь уях нутаг нь мориндоо тохирсон өвс тэжээлтэй, мөн зуншлагатай, ундармал сайн устай, морины ажил хийхэд зөөлөн зантай зөөлөн газар мөн талдуу газар тохиромжтой. Уяаг ус намгаас хол гэрээс зайдуу үймээн багатай газар зооно. Дэргэд нь морь хөрвөөлгөж амраах зөөлөн шороо, элс байвал сайн.

Уяаны баасыг өдөр болгон арилгаж уяанаас хол асгана. Уяаг долоо хоног бүр нэг удаа сэлгэж байх нь тохиромжтой. Хурдан морины уяа Морь уяхад урд жилийн уралдааны дараагийн заслыг сайх хийх хэрэгтэй. Уралдуулах морийг гүүн зэлэн дээр сахиулж байх шаардлагагүй. Энэ нь буруу хүч авч муугаар нөлөөлнө (махан тарга авах ёстой байтал өөхөн тарга авдаг).

Азарга, их нас, соёолон насны хурдан морьдыг өвлийн цагт (1, 2, 3 сард)  4 – 15 удаа зөөлөн унаж цантуулж эдэлнэ. Адуу зун доод талдаа цус ихтэй, өвөл дээд талдаа цус нь татагдсан байна. Дөрвөн мөчний цус нь хагас дээшээ татсан нөхцөлд цантуулна. Азарганд, соёолонгоос дээш бүдүүн насны 5 –8 гүү хураалгана. Гүүнүүдийг 4 сарын эхээр жигд унагалуулж 5 сарын 1 гэхэд азаргануудын ороо гүйцэд гарсан байвал зохино.

Их насны морийг 6 сарын 1 нээс 6 сарын 25 хүртэл морины хүчийг харгалзан салхинд уяж, өдөрт 2 удаа усалж зогсоох нь маш сайн. Энэ нь дотор өөхийг барах бөгөөд мөн зориг тэвчээр суулгадаг. Энэ ажлууд нь соёолон их насны морьдод зохино. Адуугаа ногоонд цадсан үед нь морьдоо зөөлөн унаж хөлөргөнө. Энэ нь шинэ хүч авахад амархан бөгөөд өнгө засаж сайжралт түргэн авна.

Морь барихаас өмнө ямарч моринд байдаг гурван хөндүүрийг гаргах ёстой. 1. Их биеийн хөндүүр
2. Тавагны хөндүүр
3. Гэдэсний хөндүүр
Их биений хөндүүр гэдэг нь сайхан амарч байсан морийг хөлсөлж унахад их бие нь хөндүүрлэнэ. Дээрээ хүнтэй ачаалал авснаас таваг нь хөндүүрлэнэ. Уяж хонуулахад гэдэс нь хөндүүрлэнэ.

Энэ хөндүүрүүдийг гарсан эсэхийг: Сэрвээний өндрийн далны цагаан мөгөөрсний үзүүрт дарахад хотолзохгүй бол биеийн хөндүүр нь гарсны шинж. Тавагны хөндүүр гарсан морь бол зоримог тавиу гүйцэд гишгэлтэй байна. Хөндүүр нь гараагүй бол бүдрэмтгий жайвганаж дутуу гишгэнэ. Гэдэсний хөндүүрийг гаргахдаа 1 юмуу 2 хоногийн өнжөөтэйгээр 2 – 3 удаа уяж хонож задгай юмуу нэмнэж зөөлөн хөлсөлнө. Мөн ажил хийлгүй тавьж болно. Морь барихаас өмнө 7 – 10 хоног гэхэд дээр дурьдсан ажлууд хийгдсэн байна. Ямарваа насны морийг наадмын өдөр уралдах цагийг бодож ажлыг хийж байх хэрэгтэй.

Зургаан насны морийг уях хоног Дээр үед их насны морийг 40 – 45 хоног уяж уралдуулж байжээ. Одоо бол 25 – 30 хоног уяж уралдуулах нь тохиромжтой. Азарга, соёолон насыг дээр үед дунджаар 35 – 40 хоног уяж байжээ. Одоо 21 – 28 хоног уях нь тохиромжтой. Хязаалан, шүдлэн, даагыг 19 – 24 хоног уях нь тохиромжтой.

Морь хөлслөх ажиллагаа.

Морийг хөлслөх гэдэг нь өөх хүчийг буулгах, амьсгал болон тэвчээрийг сайжруулж мөн ядарч хөшсөн морийг биеийн тавиулж амраах зориулалттай юм. Уяач хүн мориныхоо хөлсийг хусаж хатсан хойно нь сайн сойздож хөлсийг арилгаж байх нь чухал. Хөлсийг цаг агаарын байдал болон мориныхоо хүчийг харгалзан нэмнэж буюу задгай хөлс авна. Ажил хийгдсэн морь бие суларч ядарсан байдаг тул нарнаас болгоомжлох хэрэгтэй. Морийг бүрхэгдүү дулаан өдөр хөлслөх тохиромжтой.

Уяаны үед гарах хөлс

1. Шавар хөлс Энэ нь анхны 3 – 4 удаагийн хөлсөнд гарна. Үсэнд ширэлдсэн шороог хөлс цаанаас нь түрж шавар болж гарахыг шавар хөлс гэнэ.

2. Хөөсөн хөлс Хөөсөн хөлс нь тарга хүч буухын анхны хөлс бөгөөд, өөх нь хайлж байгаагийн тэмдэг цагаан хөөсөрхөг хөлс гарна.

3. Шүүсэн хөлс Шүүсэн хөлс нь ажил нь зөөлдөж сөрж таргалж байгаа моринд усархаг их хөлс гардаг (амархан).

4. Тосон хөлс Тосон хөлс нь мах нь буурч өөхний хайлалт бага байгаагаас өнгө гялгар өтгөндүү хөлс гарна (хүч тэнцвэргүй болсон адуунаас).

5. Өнгөн хөлс Энэ нь ир нь ойртсон шинж бөгөөд амтгүй усархаг шингэн хөлс гарна. Хөлс нь давстай байснаа яваандаа амт нь сулардаг (уяа нь тохироод ирсэн үед).

6. Сувдан хөлс Ирлэж байгаа моринд гардаг. Бөнжгөр цавуурсан хөлсийг хэлнэ. Энэ хөлс гараад 3 – 4 өдөр болоод алга болно. Энэ үед дээд зэргээр давхина.

7. Хар хөлс Ир нь мултарсан үеийн хөлс. Гэнэт шингэн их хөлс гарч тамирдан амьсгаадна. Тэр үеэс гэдэс нь суларч их болно.

Тарлах – Үсэргээ

Тарлах ажиллагаа нь нэгэнт уяа сойлт орсон морины бэлтгэл сургуулийг тасралтгүйгээр ойр зуур газарт 1 – 3км – ийн зайд. (Хар цагаан танигдах газарт) зөнгөөр нь давхиулж биеийг нь тэнийлгэж байгаа юм. Тарлах – Үсэргээ нь амьсгалын замын эрхтэнүүдийн ажиллагааг сайжруулж, биеийн булчингуудын хөөнгийг буулгах, давхилтын анхны хурдыг нэмэгдүүлэх үүрэгтэй юм.

Эхлэхдээ зөөлөн тарлана. Тарын сүүл, сүүлдээ ширүүсгэнэ. Ялангуяа анхны тар хийхэд тун анхааралтай зөнгөөр нь тарлах хэрэгтэй. Эхлээд олон морьтой ширүүн тарлавал морины уяа эвгүйтэх, хөлөнд цус буух зөрчлүүд гарна. Ер нь морийг хэд хэдэн тарласны дараагаар амьсгал онгойх, хөөнгө нь буух сайн тал бий. Тарыг зоовчтой, нэмнээтэй, задгай хийнэ.

Сунгаа, үсэргээ, давхиулах

Сунгаа үсэргээ давхиурууд нь 4 янз байна. Үүнд: Давхиул, бага сунгаа үсэргээ, дунд сунгаа, их сунгаа. Давхиул гэдэг нь 3 н саахалтын газраас дээшихийг хэлнэ. 8 км багцааны газрыг бага сунгаа, 10 км багцааны газрыг дунд сунгаа, 10 км ээс дээшхийг их сунгаа гэнэ. Эдгээр хэмжээ нь азарга, их нас, соёолон насны морьдод тохирно.

Сунгаа бол амьсгалын дасгал бөгөөд тарга, өөхөн махыг зэрэг барах, тэвчээр хатуужил сайжруулах сорилт юм. - Сунгаануудын хоорондох зайг дээр үед 4 хоногоор хийдэг байжээ. Одоо үед 3 хоног нь тохиромжтой. Морины хүчийг харгалзан нэмнэж сунгаж, задгай сунгаж болно. -

Хязаалан, шүдлэн, дааганы сунгааны 3 км ээс дээшихийг давхиул гэнэ. 4 км орчимд бага сунгаа, 7 км орчимд дунд сунгаа, 10 орчим километрт их сунгааг хийнэ.

Морины идэш хоол тохируулах

Ер нь уяж байгаа ямарч морийг хоол усаар сойх нь буруу. Аль болохоор тохируулж өгч байх нь чухал. Өдөрт өглөө, орой услана. Шөнө нь бороо орсон үүлэрхэг сэрүүн өдөр нэг услаж болно. Ямарч үед тогтмол ус, нууранд услах муу. Худаг юмуу ундармал усанд услах хэрэгтэй. Туул мэтийн том голуудын урсгалийг дагуулж услана. Азарга, их нас, соёолонг 6–7 цаг идүүлж, 2 цаг орчим унтуулах шаардлагатай байдаг.

Хязаалан, шүдлэн, даагыг 3 – 4 цаг идүүлж, 2 – 3 цаг орчим (тэгэхдээ дунд нь таслаж, идүүлж унтуулна). Буруу идсэн адуу усанд хамгийн түрүүлж хүрээд 5, 6 балгаад л хий цадаад зогсчихдог байна.

Морь уяж байх хугацаандаа хужирладаг байх хэрэгтэй. Хужирлахгүйгээс адуу нь эрдсийн дутагдалд ордог. Уях хугацаанд 7 хоногт 1 удаа хужирлана. Наадмын сүүлийн 1 хоногт хужирлахгүй. Хужир дутсанаас болж энд тэнд явж байгаад шороо идчихэж магадгүй байдаг байна. Шороо идсэнээс болж морины бие нь суларч, ялгадас, баас нь хар өнгөтэй болж хөлс нь муу гарна. Үүнээс болж торойж хэвтэнэ. Үхэж болно. Ингэсэн морийг уралдуулж болохгүй. Хар шингэн баас гарна. Хужирлахгүй байж байгаад гэнэт хужирлавал бас муу.

Уяж байгаа моринд хиаг, монгол өвс хамгийн тохиромжтой. Халуун чанарын таана, хөмүүл, агь зэрэг тохиромжгүй. Гэдэс нь багасаж тогтохгүй байгаа моринд голын эргийн ногоон ширэг идүүлбэл сайн (2 – 3 хоног). Морины гэдэс нь цатгалдах, хөвөө суух, нарийнтах, тохирох, боргон бөглөө гэсэн 5 янз байна.

- Цатгалдах нь мориныхоо хоолыг хэтрүүлснээс болно.
- Хөвөө суух гэдэг нь эдлэгдээд ирэхээрээ гэдсэнд хөвөө сууж өгнө. Тогтмол хоол өгөөгүйгээс хөвөө сууна (гэдэс нь цардайна).
- Нарийнтах нь уяа тохироогүйгээс (таргалсан, ядарсан) болно.
- Тохирох. Тохирохоор гэдэс нь онгоц шиг болно. Бөмбийсэн, холхиогүй гангарсан, арьс нь үрчлээгүй байна.
-Боргон бөглөө хавар / 4 –р сард/ морийг унаж буруу эдэлснээс боргон бөглөө сууна. Энэ бол умсны үзүүрт нь хавар цагийн муу өвс, үхширмэл баас үлдэхийг хэлнэ. Ийм морь давхиж ирсэний дараа цагаан шар хальсаар бүрхэгдсэн хатсан, өмхий баас гарна. Давхиулсны дараа сайн ажиглахгүй бол анзаарахгүй.

Таргандуу моринд хоолыг нь хасаж болохгүй, туранхай морийг их хооллуулж болохгүй. Нэг ёсны морины хүчинд тааруулж хооллох хэрэгтэй.

Уяа орсон морины шинж


1. Уяа орсон морины баас нь нэг эгнээгээр гөлгөр нягт чийг багатай гарч хагарч унана. Энэ нь умсны хур баас нь гүйцэд гарч нялх ногоонд сайн цадаж умс нь агшиж баасыг нэг эгнээ байрлалтай болтол нарийсгаж барьсан хэрэг юм. Умс нь гүйцэд агшсан учраас тэнд ямар нэгэн хий хуралдах, доторх баас нь хөдлөх явдалгүйгээс гэдэс нь зайлагдахгүй.

2. Нүдний дотор хүний босоо дүрс бүтэн багтаж харагдана. Нүд нь тунгалаг болно. Нар гарахаас өмнө барьж үзэхэд үс нь толигор гялгар харагдана. Сайн ажвал өөр өнгөтэй болсон байна. (Үс нь босож зэрийснээс өнгө нь ариа өөр болдог байна).

3. Арьсыг чимхэхэд үүссэн нугалаас удаан арилна.

4. Морийг сул тавьж хоноход, мөн зөөлөн газар хөрвөөлгөхдөө урд 2 хөл нь өвчүүндээ хүрч нугарах, нуруугаараа биеийнхээ 2 тал руу шулуун давах. Уяанд зогсож байхдаа ганц нэг санаа алдаж, урт амьсгалж, их унтана.

5. Сунгаануудаар амьсгаадсан ч гэсэн амьсгаа нь амархан дарагдана.

6. Хөлс нь шингэрч тунгалаг амтгүй болно. Өөрөөр хэлбэл усан хөлс гарч ирнэ. Уяан ороогүй морины хөлс шороон амттай байдаг.

Уяа сойлт олсон морины гэдэс нь тогтуун тул их уралдааны өмнө нялх ногоо идэхэд уралдаанд нөлөөлөхгүй. Харин цатгалан сайн давхина. Ер нь умс нь агшсан, уяа сойлт нь тохирсон морь цадахдаа удаан тул их уралдааны шөнө сул тавьж цатгалдахгүй, өлдөхгүй хонуулах нь ашигтай.

Хурдан морины торгон ир таарах нөхцөл

Хурдан морины хүч таргыг 3 ангилдаг. Нэг хүчин дээр уяа таарсан шинжийг ир гэнэ. Тарган, дунд таргатай, туранхай гэсэн 3 хүчний аль ч үед ирлэж болно. Гэхдээ аль хүчин дээр ирлэвэл мориндоо тохиромжтой вэ гэдгийг нь тодорхойлно.
Жнь: Саран шинжтэй морь тарган ирлэж болдог. Арслан шинжтэй морь голдуу турж байж давхидаг байна. Дунд тарга ер нь ямарч моринд тохиромжтой. Энэ үед саран морь жаахан муудаж ирдэг.

Туранхай морийг бороотой сэрүүвтэр үед нэмнэж байх хэрэгтэй. Тарган моринд уралдахад сэрүүн үе тохиромжтой. Үдшийн хар чийгэнд морио уях нь их муу (хий гэдэс суудаг байна). Ирлэж байгаа морийг гол сөргүүлж болохгүй. Дунд ир гэдэг нь өлөн бөөрөнхий хүчтэй морийг хэлнэ. Энэ нь аль ч улиралд уралдаж чадна.

Ирлэсэн морь нь бие нь чанга, 4 хөл дээрээ тэгш өвчүүний бүдэрхий урагш илүү булцайж зогсоно. Хойд урд хоёр хөл нь ойр байна. Ирлэсэн морь хэвтэж унтаж амрана. Суниахдаа урагш өндийн суниана. (хойд хөлөө ээлжилж хойш нь жийнэ). Нүдний сормуус ээдрээгүй болж аньсага харахдаа тогтож харна. Амнаас унжралдсан гашуун шар шүлс гарна. Азарган адуу сэлдий нь бага зэрэг цухуйж 2 төмс нь далд орно. Өнгө нь сайхан гялгаран байна. Торгон ир ороод 3 – 5 хоногт алга болно.

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2025-6-27 01:08 , Processed in 0.051332 second(s), 23 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表