БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны гол түнш орон юм. 2010 оны худалдааны дүнгээс харахад манай улсын нийт экспортын 80 гаруй хувь, импортын 30 хувь нь тус тус БНХАУ-д ногдож байна. Гэхдээ хоёр талын худалдааны бүтээгдэхүүний ангилал, бүтцийг цаашид анхаарах шаардлагатай байна. Учир нь Монгол Улсаас БНХАУ-д экспортлож байгаа худалдааны дийлэнх хувийг эрдэс баялаг, уул уурхайн түүхий эд эзэлж байна. Түүхий эдийг шууд хил дамнуулан худалдаалах нь байгаль орчинд хортой, тээвэрлэлт, ашиглалтын хувьд аль аль талдаа өндөр зардалтай байдаг. Иймд Монголд хагас болон бүтэн боловсруулалт хийж, улмаар БНХАУ болон дэлхийн зах зээлд гаргах арга замыг хайх чиглэлд Монголын төр, засгаас бизнес эрхлэгч Та бүхэнтэй хамтран ажиллахад бүхий л боломжоо ашиглах эрмэлзлэлтэй байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Монголын нүүрс, зэс, төмөр, газрын тос, ураны орд зэрэг уул уурхай, эрчим хүчний төслүүд болон дэд бүтэц, орон сууцны бүтээн байгуулалтын хамтын ажиллагаанд оролцох бүрэн боломжтой бөгөөд Монголын түншүүд хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт худалдаа, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, тэднийг үл ялгаварлах зарчмыг тууштай баримтлан ажиллаж байгаа. 2010 оноос эхлэн Концессын хуулийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хууль нь хөрөнгө оруулагчид Та бүхэнд дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон төслүүдэд хөрөнгөө оруулж, үр ашгийг хүртэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Бизнес эрхлэгч нарт учирдаг дэд бүтэц, тээвэрлэлт, логистик, банк санхүү болон төрийн үйлчилгээний салбарын саад бэрхшээлийг арилгах зорилгоор манай Засгийн газар олон томооохон ажлыг төлөвлөж, заримыг нь эхлүүлээд байна. Тухайлбал, Монголын дотоодын зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд авто зам болон төмөр замын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батлан үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн хил, гаалийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилгоор Гаалийн цахим нэг цонх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавьсан. Төрөөс олгож буй тусгай зөвшөөрлийг цөөлөх, цэгцлэх улмаар үйл ажиллагааг ил тод болгоход анхааран ажиллаж байгаа гээд болон зүйлийг дурдаж болохоор байна. Эдгээрээс гадна 2 зүйлийг онцлон дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засгийн хөгжил, дотоодын бүтээн байгуулалтыг дэмжих үүднээс Хөрөнгө оруулалтын банкийг саяхан байгууллаа. Чингэснээр улс орны бүтээн байгуулалтад нэн шаардлагатай томоохон чухал гэсэн төслүүдийг төрийн зүгээс санхүүжүүлэх боломж нээгдэх юм. Хоёрдугаарт, Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг төгөлдөршүүлэх бодлогын хүрээнд Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ нь эргээд бизнес эрхлэгч Та бүхэнд хөрөнгө босгох, бизнесээ үр ашигтай өргөжүүлэх ач тустай болно гэж итгэж байна. Эцэст нь төр, засгийн зүгээс бизнесийн орчныг сайжруулахын тулд хамгийн чухал нь бизнес эрхлэгчдийн санаа бодол, тэдний ололт амжилт, тулгарч буй бэрхшээлийг сонсох, улмаар тэдгээрийг тусгасан зөв шийдвэр гаргах явдал гэдгийг онцлон тэмдэглэе. Энэ утгаараа өнөөдрийн энэ уулзалт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлгойлцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж найдаж байна. Цаашид тогтмол зохион байгуулж байх нь чухал гэж үзэж байна. Та бүхний бизнест өндөр амжилт хүсье. Баярлалаа. |
Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2 )
GMT+8, 2025-1-16 03:34 , Processed in 0.047905 second(s), 23 queries .
Powered by Discuz! X3
© 2001-2013 Comsenz Inc.