|
Олон Улсын Парламентын Холбооны 121 дүгээр чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо өчигдөр эхэллээ. Тус чуулганд 124 орны парламентын төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы ажиллагаа ОУПХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар эхэллээ. Тус хурлаар ОУПХ-ны Удирдах зөвлөл болон ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны өмнөх хурлаас хойшхи хугацаанд хийсэн ажлын тайланг ОУПХ-ны Ерөнхийлөгч, Намибийн парламентын дарга Тэо Бен Гурираб тавьж, ОУПХ-ны 2010 оны төсвийн төсөл, ОУПХ-ны 122 дугаар чуулганыг зохион байгуулах газар болон чуулганы хугацаа, 122 дугаар чуулганаар хэлэлцэх асуудлын талаар улс орнуудаас дэвшүүлж буй санал, Дэлхийн парламентын дарга нарын гуравдугаар их хуралд бэлтгэх хорооны тайлан зэрэг асуудал хэлэлцлээ.
Монгол Улсын ИХ Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид чуулганд оролцож байгаа ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Норберт Ламмерт болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны төлөөлөгчидтэй уулзлаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Бундестагийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ өнгөрсөн 9 дүгээр сард болж өнгөрсөн Бундестагийн сонгуульд Христосын Ардчилсан Холбоо нам ялалт байгуулсанд баяр хүргэлээ. Тэрбээр ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш бөгөөд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байдгаа хэлж, Монгол-Германы харилцааг хөгжүүлэхэд Бундестагийн зүгээс байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Бундестагийн Ерөнхийлөгч Н. Ламмерт хоёр орны парламент хоорондын харилцаа өндөр түвшинд байгаа. Энэхүү харилцааг цаашид улам өргөжүүлэхэд би өөрийн зүгээс дэмжиж ажиллах болно гэлээ.
БХАТИХ-ын Байнгын хорооны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай хоёр орон сайн хөршийн найрсаг харилцаатай бөгөөд хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэн хэлэв. Мөн БНХАУ нь манай орны гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын тэргүүлэх түнш гэдгийг тэмдэглэлээ.
БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгч хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаанд Байнгын хороод болон парламентын гишүүдийн харилцан айлчлал чухал ач холбогдолтой юм гэв.
Олон Улсын Парламентын Холбооны 121 дүгээр чуулган үргэлжилж байна гэж УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Женевээс мэдээллээ.
|
|