Ерөнхий сайд хүүхдүүдийн хүслийг биелүүлж бэлэг гардууллаа Хүсэл мөрөөдлөө, өвлийн өвгөнөөс ямар бэлэг авахаа хүүхдүүд “Цох” сонинд захидлаар бичиж илгээжээ. Эмээдээ цэцэг бэлэглэж, урт наслахыг ерөөдөг, ахтайгаа хамт харшийн шинэ жилийн баярт оролцох, хүүхдийн комик ном, барби, англи хэл бие даан сурах ном, CD-тэй болох хүслээ бичсэн хүүхдүүд өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзлаа. 2-7 дугаар ангийн найман сурагч Ерөнхий сайдад захидлынхаа талаар ярьж, дуу дуулж, шүлэг уншиж, мөрөөдлөөсөө хуваалцан илэн далангүй ярилцлаа.
Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч Х.Гантуул “Манай ээж орцны жижүүр, ах ТҮК-т ачигч хийдэг. Эмээгийн минь даралт хааяа ихэсдэг. Би эмээгээ урт насалж, намайг сургууль төгсөхийг хараасай гэж үнэхээр их хүсдэг. Би онц сурч, тэргүүний сурагч болж, эмээ, ээжийгээ баярлуулдаг л даа. Одоо гоё өнгөтэй, тансаг үнэртэй эрээн алаг цэцэг өгөх гэсэн юм. Эмээ минь тэр цэцгийг хараад даралт нь 230 биш, 180 болоосой гэж туйлын их хүсэж” байна гэж захидалдаа бичжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эмээдээ эрүүл энхийг хүссэн охинд цэцгийн баглаа, шинэ жилийн бэлгийн хамт гардуулахдаа эмээд нь эрүүл энхийг хүслээ. |