Чингис хаан Их Монгол улсыг байгуулаад юуны өмнө төр захиргааны болон цэргийн зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлжээ. Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан цэрэг, иргэний шинж бүхий олон шатны зэрэг дэвт, засаг захиргааны зохион байгуулалтай болов. Энэ нь аливаа асуудлыг чирэгдүүлэлгүй, шуурхай шийдвэрлэхэд чиглэгдэж байсан юм.
Их Монгол улсын төрийн бүх дээд эрхийг баригч нь Чингис хаан байв. Монгол улсын газар нутаг, харъяат иргэд бүгд Их хааны өмч байсан. Монголчууд Их хаадыг тэнгэр язгуурт хэмээн өргөмжлөн хүндэлж, хууль зарлигийг нь ёсчлон гүйцэтгэж байлаа. Хаан төрийг үе залгамжлан захирах бөгөөд Их хааны нэр заан гэрээслэсэн хүнийг их хуралдайгаар баталгаажууж хаан өргөмжилдөг байв.
Хаан өргөмжлөх, харь оронтой найрамдах, дайтах зэрэг төрийн онц чухал хэргийг Их хуралдайгаар шийдэж байжээ, Тиймээс хуралдай нь төрийн дээд шийдвэр гаргах байгууллага болж байв. Их хуралдайд алтан ургийнхан, төрийн түшээд, гавьяатан сайдууд, бичгийн мэргэд, өрлөг жанжид оролцоно. Асуудлыг олонхийг саналаар голчтой шийдэж байснаараа ардчилсан шинжтэй. Тиймээс Их хуралдайг өнөөгийн парлөментын анхны хэлбэр гэж судлаачид үздэг.
Төрийн хэргийг хөтлөн явуулахад Сэцдийн зөвлөл чухал үүрэгтэй. Сэцдийн зөвлөл нь алсын хараатай, зөв мэргэн төрийн бодлого боловсруулахад нөлөөтэй байжээ. Чингис хааны байгуулсан Сэцдийн зөвлөлд олон орны бичгийн мэргэд багтаж байсан нь дэлхийн хэмжээний төрийн бодлого явуулахад ач тусаа үзүүлжээ.
Их хааны томилсон төрийн шадар сайд гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлнэ. Их Монголын улсын анхны шадар сайд Го ван Мухулай байлаа. Монгол улсын өдөр тутмын хэргийг шадар сайд удирдан явуулж өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн онц чухал тулгамдсан асуудлыг Их хаан болон Их хуралдайгаар шийдвэрлүүлдэг журамтай байв.
|
|